"Мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн систем" нэвтрүүлэх ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-11-19 13:14:00

Дархан-Уул \МОНЦАМЭ\. Мал эмнэлгийн ерөнхий газраас малын гэрчилгээний нэгдсэн системийн программын сургалт зохион байгууллаа. Тус сургалтын зорилго нь мал эмнэлгийн ажлыг цахимжуулах, малын эмч нарын ажлыг хөнгөвчлөх, тоног төхөөрөмж дээр ажиллан дадлагажих юм. 

Тодруулбал, Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын ХХААБ хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн санхүүжилтээр нийлүүлсэн мал эмнэлгийн цахим гэрчилгээний 12 ширхэг тоног төхөөрөмж, малын эмийн үлдэгдлийг илрүүлэх багажийг Мал эмнэлгийн газар, сумдын мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн төлөөлөлд гардуулан өгсөн юм. Түүнчлэн малын эмч, мэргэжилтнүүдэд мал эмнэлгийн чиглэлээр хийж гүйцэтгэж байгаа ажил, ач холбогдлыг малчдад сайтар ойлгуулан, уг системийг нэвтрүүлэхэд идэвх зүтгэлтэй ажиллахыг төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс болон аймаг орон нутгийн удирдлагууд үүрэг болголоо. 

Энэхүү системийг бүрэн нэвтрүүлснээр мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хянах, гоц халдварт өвчин дамжих эрсдэлийг багасгах, малын хулгайтай тэмцэх, мал, малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гарал үүсэл нь тодорхой, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, мал эмнэлгийн арга хэмжээг технологийн хугацаанд гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих боломжтой болох аж.

SECIM төслийн хүрээнд МЭЕГ, МХЕГ, МЭГ-тай хамтран “Мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн систем”-ийн сургалтыг 6 аймгийн махны 16 үйлдвэрийн 25 төлөөллийг хамруулсан сургалтыг зохион байгуулж, энэхүү системийг үйлдвэрийн түвшинд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлжээ.

Мал эмнэлгийн гэрчилгээний цахим систем нэвтрүүлэх сургалтын нээлтэд аймгийн Засаг дарга С.Насанбат, МЭЕГ-ын мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг, МЭГ-ын дарга Б.Нямдорж, МУХД төслийн орон нутгийн зохицуулагч Б.Бат-Эрдэнэ нар оролцсон юм.

Холбоотой мэдээ