Усан сан барих газар дээр орон сууц босгохыг эсэргүүцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-15 14:25:57

Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын хашаан дотор буюу Бөхийн өргөөний ар талд усан сан барих газар дээр ажилчдын орон сууц босгох гэж байгааг аймгийн МАН-ын хорооны хэсэг залуус болон спортод элэгтэй хүмүүс эсэргүүцэн гэр барьж гарын үсэг цуглуулж байна.

Улсын начин Д.Төрмөнх даргатай аймгийн Биеийн тамир, спортын газрын хамт олон байгууллагынхаа хашаан дотор ажилчдын орон сууц бариулахаар санал гаргаж, энэ дагуу аймгийн газрын албанд удаа дараа хүсэлт гаргасан байна. Үүнийг үндэслэн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол болон Засаг даргын захирамж гарч уг газрыг “Хяргас трейд” компанид шилжүүлжээ. Тус компанийн зүгээс ажлаа эхлэхээр болж өнгөрсөн даваа гарагт Бөхийн өргөөний хашаан дотор барилгын материалаа буулгасан байна. Үүнийг аймгийн МАН-ын хорооны хэсэг залуус болон спортод элэгтэй хүмүүс эсэргүүцэж гэр барьж, гарын үсэг цуглуулжээ. Уг нь бол Бөхийн өргөөний хашаан дотор уудам зай талбай байгаа бөгөөд усан сан барих газар үлдэж байгаа аж. Гэвч ажилчдын барилгыг заавал энд барих шаардлагагүй, цаашдаа усан сангаас гадна жудо бөхийн болон чөлөөт бөхийн ордон барих газар бас хэрэгтэй хэмээн эсэргүүцэгчид үзэж байна.

Увс аймагт хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цаашлаад спортын өндөр амжилт гаргахад нь зориулж усан спорт сургалтын төвийг бариулахаар болж, 2012 оны төсөвт хөрөнгийг нь тусгаж, зураг төсвийг нь хийлгээд байсан юм. Гэвч АН гарч ирсэнээр энэ хөрөнгө дэмжигдэлгүй царцсан билээ.

Спорт хорооны хэсэг ажилчид орон сууцныхаа метр квадратын үнийг буулгахын тулд зориудаар МАН-ын залуучуудтай хамтран энэхүү эсэргүүцлийг гаргаж байгаа хэмээн зарим эх сурвалж мэдээлж байна.

Ямартай ч Увсын хэсэг залуус усан сан барих газар дээрээ хувийн орон сууц бариулахгүй хэмээн тэмцэж байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ