Тэс омгийн 400 гаруй адуунд үүлдэр болгох магадалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-11-14 22:29:21

Завхан /МОНЦАМЭ/. Завханы 23 сумын 4,6 мянган малчин мал бүхий иргэд 13 мянган тонн хонины ноос, 12.3 мянган тонн тэмээний ноосыг үндэсний үйлдвэрт тушаажээ. Үндэсний үйлдвэрт тушаагдсан ноосны падаан, материалыг сумдаас хүлээн авч ХХААХҮЯ-нд хүргүүлсэн тухай аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Мөн малын генетик нөөцийн тухай хуулийг орон нутагт хэрэгжүүлэн мал сүргийн үүлдэр, угсааг сайжруулахад улсын төсвийн 10,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцуулжээ. Тухайлбал тав, зургаадугаар сард Завханы Яруу, Дөрвөлжин, Алдархаан суманд 39 суурийн 17 мянга гаруй малыг ангилалтад хамруулж, 20 гаруй гойд ашиг шимтэй малыг шалгаруулсан байна. Мөн өнгөрсөн долоодугаар сард 400 гаруй Тэс омгийн адуунд үүлдэр болгох хянан магадалгааны ажлыг хийжээ. Энэхүү ажлыг ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн их сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл бүхий улсын комисс, Завханы ХХААГ, Тэс, Баянтэс сумдын ЗДТГ хамтран явуулжээ.

Ташрамд дуулгахад, 2018 оны нутгийн шилдэг омог, цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн сайжруулсан үүлдрийн малын тооноос үзэхэд цэвэр үүлдрийн үхэр долоон мянга, шилдэг үүлдрийн адуу 11 мянга, цэвэр үүлдрийн ямаа 307.3 мянга, цэвэр үүлдрийн сартуул хонь 577.9 мянга тус тус тоологдсон байна. Харин нийт мал сүргийн дотор тэмээ 0.2 хувь, адуу 6.2 хувь, үхэр 5.8 хувь, хонь 51.4 хувь, ямаа 36.4 хувийг эзэлж, бод мал, хонин сүргийн хувийн жин нэмэгдэж сүргийн зохистой бүтэц бүрдэж байна.

Харин хээлтэгч, хээлтүүлэгч мал өнгөрсөн онд 15 мянга гаруй тоологдож 2017 оноос 50 гаруй мянгаар өссөн дүнтэй байгаа. Ер нь Завхан аймаг бодлогоор малчдыг дэмжих, мал сүргийн чанарыг сайжруулах арга хэмжээг жил бүр зохион байгуулж байна. Малын чанарыг сайжруулснаар тоонд анхаарах бус цөөн тооны чанартай малтай байх бодлогыг дэмжиж байгаа. Тийм ч учраас ХХААХҮЯ-наас явуулж буй бодлого хөтөлбөрт анхаарч хамтран ажиллаж малыг эрүүлжүүлэх, сүргийн зохистой бүтцийг бий болгоход мэргэжлийн байгууллагууд, малчид, төр гурав хамтран ажиллаж байна хэмээн аймгийн ХХААГ-аас нэмж дуулгав.   

Холбоотой мэдээ