Монгол болон казах хэлний хичээлийн цагийн асуудлаар мэдээлэл хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-12 22:18:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын удирдлага болон Өлгий хотын ерөнхий боловсролын сургуулийн захирлууд энэ сарын 2-ны өдөр Монголын үндэсний олон нийтийн телевизээр гарсан "Нэг улс, хоёр хэлний бодлого" нэвтрүүлэгтэй холбоотой өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус нэвтрүүлэгт Баян-Өлгий аймгийн сургуулиудад монгол хэл, уран зохиолын хичээлийн цагийг хасаж, оронд нь казах хэлний цагийг нэмсэн тухай дурдсан аж.

"Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар нь БСШУСЯ-наас баталсан сургалтын төлөвлөгөөний цагуудаас өөрийн эрх мэдлийнхээ хүрээнд нэг ч цагийг хасаж зохицуулалт хийгээгүй. Монгол хэл, уран зохиолын хичээлийн цагийг хассан асуудал байхгүй, казах хэл буюу эх хэлний хичээлийг багшийн зохицуулах дээр оруулж өгсөн байгаа. Казах хүүхдүүдийг эх хэлээр сурч боловсрох нөхцөлөөр хангах тухай Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод тусгаж өгсөн боловч сургалтын төлөвлөгөөнд зохицуулалт хийгээгүй явж байна. Тийм учраас Боловсролын хүрээлэн олон талт судалгаа хийсний үр дүнд казах хэлний хичээлийн цагийн асуудлыг хичээлээс гадуурх сургалтын цагийн оронд оруулж ирсэн юм. Харин 2019-2020 оны хичээлийн жилд багш зохицуулах цагт оруулахаар чиглэл ирүүлсний дагуу үйл ажиллагаа явуулж байна" хэмээн тус газрын дарга Х.Зауре хэллээ.       

Холбоотой мэдээ