"Лалын улс" дүрвэгсдийн хуаран руу халджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-15 12:14:19

ДАМАСК. /ВВС/. “Лалын улс” бүлэглэлийн гишүүд Сирийн хойд нутаг дахь дүрвэгсдийн хуаран руу халдаж, хоёр хүний амийг хөнөөжээ. Уг хуаран Турктэй залгаа хилтэй ойр оршдог байна.

"Лалын улс"-ынхан 10 мянга гаруй дүрвэгсэд орогнож буй гурван хуаран руу халдаж, нэг хүүхэд, нэг эмэгтэйн амийг хөнөөсөн нь олон хүнийг хуарангаас дүрвэхэд хүргэсэн гэж Туркийн мэдээллийн агентлаг уламжилжээ.

Тус агентлаг нарийн тодорхой мэдээлэл өгөөгүй боловч террористууд зарим хүмүүсийг барьцаалсан бололтой.

Өнгөрсөн хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Сирийн Засгийн газрын болон сөрөг хүчнүүдийн хооронд гал зогсоох тохиролцоо “Лалын улс” бүлэглэлд хамаарахгүй юм. Тиймээс Сирийн хойд нутагт мөргөлдөөн үргэлжилж, дүрвэгсдийн тоо нэмэгдсээр байна.

Турк улс одоогоор 2.7 сая дүрвэгч хүлээн аваад байгаа бөгөөд цаашид дүрвэгсдийг хүлээн авахаа зогсоосон тул сиричүүд улс орноосоо гарах аргагүйд хүрчээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ