Б.Баасандорж: Сонгуулиар нэг хүн олон санал өгөх боломжгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-12 08:45:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ын ажилтай танилцав.


Улсын бүртгэлийн ерөнхий газар Сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргадаг билээ. Одоогоор иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд сонгуулийн насны 2 сая 111 мянга 842 иргэн байна. 2017 оны сонгуулиар нэг хаяг дээр 20-30 хүн бүртгэсэн, адилхан овог нэр, регистрийн дугаартай, нас барсан хүнийг иргэний бүртгэлээс хасаагүй зэрэг асуудал гарчээ. Тиймээс улсын бүртгэлийн хаягийн сангаа өөрчлөх шаардлагатай гэдгийг УБЕГ-ын дарга Б.Баасандорж хэлэв.


2018 оноос хэрэгжиж эхэлсэн Улсын бүртгэлийн багц хуульд иргэд биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээр сонгууль өгөх асуудлыг нарийвчлан тусгажээ. Ингэснээр нэг хүн олон санал өгөх боломжгүй юм.  Мөн регистрийн дугаарын сүүлийн 2 орноос бусад нь адилхан буюу овог нэр, төрсөн он, сар өдөр нь давхцаж болзошгүй 2200 гаруй иргэн бий. Улсын бүртгэлийн ерөнхий газар 2016 оноос 150 сая гаруй хуудсыг цахим хэлбэрт шилжүүлсэн байна. Ингэснээр тус цахим архиваас иргэдийн мэдээллийг шуурхай харах боломжтойг УБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан танилцууллаа.


Харин нэг хаяг дээр олон хүн бүртгэлтэй байна гэх гомдлын тухайд иргэд www.burtgel.mn хаяг руу орж өөрсдийн хаягийг шалган, зөрчил гарсан тохиолдолд УБЕГ-т мэдээлж, залруулах боломжтой аж.


Энэ үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт УБЕГ-ын удирдлагуудыг Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах саналаа албан бичгээр ирүүлэхийг санууллаа.

Холбоотой мэдээ