Нийслэлийн 24 байршилд газрыг орон сууцаар солих төсөл хэрэгжүүлнэ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-11-11 17:15:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газрыг орон сууцаар солих төсөл хэрэгжүүлэх болсон тухай Нийслэлийн Орон сууцны корпорац компаниас  мэдээллээ.

Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор орон сууцжуулах ажлыг шат дараатай хийж байгаа юм. Үүний хүрээнд, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төслийн 19 байршил, нийслэлийн таван дэд төв нийт 24 байршилд 1216 га газрын 20477 нэгж талбарт амьдарч буй иргэд газраа орон сууцаар солих төсөлд хамрагдах боломжтой аж. Газар чөлөөлөх ажлыг хийхдээ дээрх байршлуудад 4 га-гаас багагүй газарт, иргэд 100 хувь санал нэгдэж, төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих юм байна. 

Нийслэлийн Орон сууц корпорацын захирал Б.Сүхбаатар, “Тухайн талбарт орон сууцны хорооллоос гадна сургууль, цэцэрлэг, зам, авто зогсоолтой хотхон байх ёстой учир хамгийн багадаа 4 га талбарт газар чөлөөлнө гэж байгаа юм. Дөрвөн га газар дунджаар 90-100 иргэний өмч хэлбэртэй байгаа. Иргэд нэгдээд газраа орон сууцаар сольё гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн төслийг хэрэгжүүлнэ. Нэг иргэний газар 40 сая төгрөгөөр үнэлэгдсэн ч 70 сая төгрөгийн орон сууц авах хүсэлтэй байгаа бол үлдэгдэл 30 сая төгрөгийг таван жилийн хугацаанд 8 хүртэлх хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой” гэв.

Газраа чөлөөлсөн иргэдийн хувьд Буянт-Ухаа II хорооллын ашиглалтад орсон орон сууцанд орох аж.

Орон сууцаар солих газрын байршлууд:

Сонгинохайрхан дүүрэг 7, 8, 9, 10, 28 дугаар хороо Баянхошуу дэд төв

Чингэлтэй дүүрэг 14, 18-р хороо, Сүхбаатар дүүрэг 14-р хороо Сэлбэ дэд төв,

Сүхбаатар дүүрэг 16, 17-р хороо Дамбадаржаа дэд төв,

Чингэлтэй дүүрэг 10, 11, 12, 13-р хороо Дэнжийн мянга дэд төв

Баянзүрх дүүрэг 9, 17, 19, 24-р хороо Шар хад дэд төв,

Сүхбаатар дүүрэг 9, 10, 11, 12-р хороо Орон сууцны 7-р хороолол,

Баянзүрх дүүрэг 2, 4-р хороо Мамба дацан 

Баянзүрх дүүрэг 13, 14-р хороо орон сууцны 14-р хороолол,

Баянзүрх дүүрэг 12-р хороо Чулуун овооны тойргоос Хууль сахиулах их сургууль орчим,

Сонгинохайрхан дүүрэг 1, 2, 20-р хороо Цэргийн хотхон орчим А хэсэгчилсэн талбай,

Чингэлтэй дүүрэг 9, 10, 11-р хороо Дэнжийн мянга орчим В хэсэгчилсэн талбай, 39-р сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбай багтаж байна.

Холбоотой мэдээ