Аймаг дундын отрын бүс нутаг

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2019-11-11 16:57:23

Усны тунгалаг, өвсний соргогийг дагаж нүүх нь малчны хувьд амьдралынх нь салшгүй нэг хэсэг нь байдаг. Гэхдээ дотроо дөрвөн улирлын отор, нүүдэл ялгаатай. Нутагт нь зун болоогүй малчдын хувьд, намрын нүүдлийг хол хийдэг нэг сумаас нөгөө рүү, бүр  аймаг алгасан алс, холын нүүдэл хийх нь ч бий.  Говийн хөрс эмзэг, өвс ногоо сийрэг богино ургадаг. Энэ бүс нутагт жил бүрийн  намар хөндөгддөг сэдэв  нь отор, нүүдэл байдаг билээ. Тус бүс нутагт хил залган оршдог Дорноговь, Дундговь аймгуудийн отор, нүүдлийг авч үзье. Хэдийгээр хил залгаа нэг бүсэд амьдардаг ч отор, нүүдэл нь аймаг тус бүрт  өөр өөрийн онцлог өнгө төрхтэй байна.

Дорноговь аймагт 2019 онд дөрвөн мянга 234 малчин өрхийн 2.5 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан төлөв гарчээ. Тус аймгийн нийт нутгийн 17 хувь нь бэлчээрийн нөөцтэй. Харин 35 хувь нь бэлчээр хүрэлцээтэй аж. Гэвч 31 хувь нь  даац 1-3 дахин, 17 хувь нь 3-5 дахин хэтэрсэн дүн мэдээ гарчээ.  Тус аймгийн дөрвөн сумын  53 өрхийн 29,3 мянган мал бусад сумын нутагт өвөлжинө. Мөн есөн сумын 188 өрхийн 113.3 мянган мал, хилийн зурваст зургаан сумын 141 өрхийн 131,9 мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт тус тус өвөлжих ерөнхий зураг гарчээ. Сум дундын отрын бүс нутаг болох 11200 га нөөц талбайд цаг хүндэрсэн үед отор нүүдлийн  зохион байгуулалт хийх ажээ.

Тэгвэл Дундговь аймаг 14 сумтай, 3,6 сая малтай, долоон мянган малчин өрхтэй, долоон сая 114,5 мянган га бэлчээртэй. Нийт бэлчээрийн 15 орчим хувь нь нөөцтэй, 30 орчим хувь нь хүрэлцээтэй гэж үздэг аж.  Дундговь аймагт, аймаг дундын отрын бүс нутаг байхгүй. Бэлчээрийн нөөцтэй, хүрэлцээтэй газар нь аймгийн нийт малын бэлчээрийн  40 орчим хувьтай тэнцэнэ. Бусад  нь  даац нь хэтэрсэн бэлчээртэй. Нэг үгээр хэлбэл мал өвөлжиж, хаваржих боломж маш муу гэсэн үг. Ийм учраас бусад аймгийн, аймаг дундын отрын бүс нутаг руу нүүдэл хийнэ.

Манай улс 15 аймгийн газар нутгийг хамарсан 783,3 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч аймаг дундын отрын есөн бүс байгуулсан байдаг. Тухайлбал:

  1. Хэрлэнбаян-Улаан ( Хэнтий) 192,8 мянган га
  2. Аргалант  (Говь-Алтай) 118,6 мянган га
  3. Багахайрхан (Завхан) 68,3 мянган га
  4. Малах (Говьсүмбэр) 73,1 мянган га
  5. Чойбалсан (Дорнод) 124,4 мянган га
  6. Хөх дөл (Өвөрхөнгай, Төв) 37,9 мянган га
  7. Чилэн (Төв, Булган) 34,1 мянган га
  8. Ачит нуур (Увс) 28,9 мянган га
  9. Баяннуруу (Ховд)105,2 мянган га-г хамран үйл ажиллагаа явуулдаг аж.

Эдгээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим нэг аймаг дундын отрын бүс нутаг руу  Дундговь аймгийн  малчид нүүдэл хийхээр захиалга өгчээ. Тэдний зах зухаас нь дурдвал, Хэрлэнбаян- Улаанд 15 мянган толгой мал, Чилэнд зургаан мянган толгой мал, Малахад 30 мянган толгой мал, Чойбалсанд 31 мянган толгой мал өвөлжүүлэхээр урьдчилсан байдлаар захиалга өгчээ. Мэдээж өвөл хүндэрвэл түүнээс олон толгой мал отрын бус нутгийг зорих нь ойлгомжтой.

Хил залгаа энэ хоёр аймгийн отор нүүдлийн ерөнхий зураг төрхийг харвал, Дорноговь аймгийнхан өөр дотроо, улсын хилийн зурвас, тусгай газар, сум дундын отрын бүс нутгийн хүрээнд отор нүүдэл хийх нь. Харин  Дундговь аймгийн малчид хэд хэдэн аймаг алгасан отор нүүдэл хийх дүр зураг гарч байна. Бэлчээрийн хүрэлцээгүй байдлаасаа болж хамгийн холын отор, нүүдлийг Дундговь аймгийн  малчид хийдэг байж болох юм. Энэ өвлийн хувьд, тэд Монгол орны алс зүүн хязгаарт хүрч өвөлжих  захиалга өгсөн байна шүү дээ. 

Аймаг дундын отрын бүсийн бэлчээрийг зохистой ашиглахын зэрэгцээ хамгаалах учиртай. Зохистой ашиглан мал сүргийг онд мэнд оруулна. Мөн малчид, оторчдод  төрийн үйлчилгээ үзүүлнэ. Энэ жилийн хувьд намрын сар илүү, гэхдээ өвлийн амьсгал ( 11 дүгээр сарын 8) орсон байна. Харин энэ сарын 27-нд билгийн улирлын өвлийн эхэн сарын шинийн 1 гарна.

Холбоотой мэдээ