Кюүшюү башёг Их аварга Какүрюү М.Ананд өнжлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-11 12:33:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башё буюу 11 дүгээр сарын барилдаан ням гарагт /2019.11.10/ эхэллээ. Макүүчи буюу дээд зиндаанд барилдах байсан Их аварга Какүрюү М.Ананд энэ өдрийн өглөө бэлтгэл хийж байхдаа нуруугаа гэмтээсэн байна.


Уг нь энэ башё түүний хувьд, Мичинокү дэвжээнээс барилдах анхны нь тэмцээн байх байв. Хэдийгээр есдүгээр сард авсан зүүн өвдөгний нь гэмтэл эдгэсэн ч, энэ удаад нуруугаа 14 хоног эмчлүүлэх шаардлагатай болжээ. Мөн Маэгашира Ичиножёо А.Ичинноров 4 долоо хоног эмчлүүлэх юм. Ийнхүү Монголын хоёр сумоч Кюүшюү башёг өнжив.


Кюүшюү башёгийн эхний өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Хокүтофүжи хатакикоми мэхээр давлаа. Тамаваши Б.Мөнх-Оргил энэ өдөр Томоказег ошидаши мэхээр давж эхний даваагаа авсан бол Азүмарюү С.Тодбилэг, нутаг нэгт Дайшёохо Ч.Шижирбаатарыг ёрикири мэхээр давлаа.


Цол буурч Сэкиваке цолтон болсон Гүржийн бөх Точиношин эхний өдөр Мэйсейд уналаа. Харин Озэки Такаясү, Такакейшо, Митакэүми нар учраа бөхөө давж бүгд 1 даваатай болов. Энэ өдөр Озэки Гойэдо, Эндод ёритаоши мэхээр унасан бөгөөд унахдаа зүүн хөлийн шагайгаа гэмтээж өнөөдрөөс тэмцээнийг орхиж байна.


Кюүшюү башёгийн 2 дахь өдөр Дайшёохо Ч.Шижирбаатар, Маэгашира Вакатакакагэтэй, Тамаваши Б.Мөнх-Оргил, Маэгашира Такарафүжитэй, Хакүхо М.Даваажаргал, Маэгашира Дайэйшотой тус тус барилдана. 

Холбоотой мэдээ