Т.Баярхүү: Оюутолгойн гэрээтэй холбоотой хэргийг прокурорт шилжүүлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-11 12:57:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын сар тутмын ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр болов. Хэвлэлийн хуралд тус байгууллагын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү оролцож, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.


32 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв


АТГ-ын удирдлагууд шинээр томилогдсоны дараа хэрэг шалгах ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гаргаж авлигын гэмт хэргүүдийг богино хугацаанд шалгаж шийдвэрлэхэд анхаарч байна. Энэ ажлын хүрээнд олны анхаарал татсан, удаан хугацаанд шалгагдсан хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүлсэн байна.  Тухайлбал үүнд, Оюу толгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэрэг, Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэрэг, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарт холбогдох хэрэг, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг багтжээ. Мөн Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарт холбогдох хэрэг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нарт холбогдох хэрэг гэх мэт хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжсэн байна. "Зөвхөн 10 дугаар сард л гэхэд 32 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн" хэмээн хэмээн АТГ-ын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү онцоллоо. 


Түүнчлэн сүүлийн үед шинээр илэрсэн хэргийг шуурхай шалгаж, эрх бүхий байгууллагад шилжүүлэв. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, "ДЦС-2" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт холбогдох хэргийг шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүлсэн байна. "Төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон хэргийг шалгах явцад хэргийн цар хүрээ, үйлдэл нэмэгдэж байгаа ч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй, шуурхай явуулж буй"-г АТГ-ын Олон нийттэй харилцах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү мэдээлэлдээ тэмдэглэв. 


7.6 тэрбум төгрөгийн хохирол барагдуулжээ

Гэмт хэргийн улмаас 12 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 7.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 136 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү хэлэхдээ, "Учирсан хохирлыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 36.4 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 1.4 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 14.8 дахин  нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүнийг авлигын гэмт хэрэг огцом нэмэгдсэн гэж тайлбарлах нь буруу. Харин хэд хэдэн хэргийг шалгах явцад тогтоосон хохирлын хэмжээ их байгаа. Тухайлбал, нийт хохирлын дийлэнх хувь нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг, Жаст компанийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн хүрээнд тогтоогдсон хохирол гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй" хэмээв. 


326 албан тушаалтны ХОМ-ийг шалгав

Энэ оны эхний 10 сарын байдлаар, 326 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ийг шалгаж, хуульд заасан зөрчилтэй мэдүүлсэн 35 албан тушаалтанд хариуцлага тооцсон байна. Хариуцлага тооцсон байдлыг авч үзвэл: 4 албан тушаалтанд сануулах, 21 албан тушаалтанд албан тушаалын цалин бууруулах, 2 албан тушаалтанд албан тушаал бууруулах, 8 албан тушаалтанд ажлаас халах хариуцлага тус тус оногдуулсан байна. Албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 631 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Өргөдөл, гомдлын мөрөөр албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж, зөрчил гаргасан 37 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил арилгуулах, тухайн зөрчил үүсэх, эсхүл олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх нөхцөл байдлыг үүсгэж байгаа нөхцөлийн талаар анхааруулсан зөвлөмж бүхий 46 албан бичиг хүргүүлсэн талаар АТГ-ын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү мэдээлэв. 


Хүлээн авч шалгасан 698 гомдол, мэдээллээс 370 гомдол, мэдээлэл буюу 53.0 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 285 гомдол, мэдээлэл буюу 40.8 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 27 гомдол, мэдээлэл буюу 3.9 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай тус тус прокурорт шилжүүлж, шийдвэрлэлт 97.9 хувьтай байна.


Эхний 10 сарын байдлаар 1316 үйлдэлтэй, 433 холбогдогчтой, 1115 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Нийт шалгасан хэргийн 125 буюу 11.2 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай, 460 буюу 41.5 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай, 64 буюу 5.7 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 21 хэргийг нэгтгэн шалгаж, 3 хэргийг түдгэлзүүлж, одоо 442 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 389 хэрэг, мөрдөн байцаалтын 53 хэрэг байна. Шүүхээр 42 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ