Гавъяатуудаараа гангарсан ахмадын цэнгүүн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-09 22:25:54

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Атарчдын өлгий Цагааннуур сумын төвд энэ сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн ахмадын хорооны "Сэлэнгэ" бүсийн ахмадуудын “Дуун цэнгүүн” үйл ажиллагаа болжээ. "Атар-60" түүхэн жилийн хүрээнд болсон эл үйл ажиллагаанд Сэлэнгэ бүсийн Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумын ахмадууд оролцсон байна. Энэ удаагийн дуун цэнгүүн атраас төрсөн алдартан гавьяатуудынхаа дурсамж ярианд хөглөгдсөнөөрөө онцлогтой болжээ.

Сэлэнгэ аймгийн бүх бүсийн ахмадуудын дунд уламжлал болон тогтмолжсон эл цэнгүүн нь ахмад настнууд амралт чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, соёл урлаг, эрүүл мэндийн хөдөлгөөнт дасгалаар дамжуулан хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, цаашлаад сэтгэл санааны гансрал, ганцаардлаас ангид байх шилдэг арга болж чадсан хэмээн ахмадууд сэтгэл өндөр байгаа юм.  

Энэхүү үйл ажиллагаанд Цагааннуур сумаас төрсөн атрын амьд домог болсон хөдөлмөрийн алдартнууд болох Монгол Улсын гавъяат механикжуулагч Н.Дэлгэрмөрөн, Г.Болд, Монгол Улсын гавъяат агрономич С.Хундмаа, ахмад тариаланч, төр, нийгмийн ахмад ажилтан Цагааннуур сумын ахмадын хорооны дарга Ч.Бадарч нар хүндэт зочид байсан аж. Ахмадуудынхаа уламжлалт үйл ажиллагаанд аймгийн Ахмадын хорооны дарга, удирдах зөвлөлийн гишүүд оролцож, хүндэтгэл үзүүлдэг уламжлал давтагдсан байна.

Ахмадууд маань энэ удаа дурсамж амьд яриа хөөрөө өрнүүлэн өөрсдийн бэлдсэн урлагийн тоглолтоо тоглож, оюун ухааны гайхамшиг болсон шатар тоглон нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлжээ.  

Холбоотой мэдээ