Өвөөгийн хөрөгтэй үзэсгэлэнгээ гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2019-11-09 14:24:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУЭ-ийн гишүүн, зураач, уран бүтээлч Р.Сэнгүм анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ “MN Art Gallery-д өчигдөр нээлээ.

Тэрээр “Цагаан манан” нэртэй үзэсгэлэндээ байгалийн сэдэвтэй 40 гаруй бүтээл дэлгэжээ. Зураач Р.Сэнгүм анхны үзэсгэлэнгээ өөрийн хайртай өвөө Монгол Улсын Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсны гэгээн дурсгалд зориулжээ.





Р.Сэнгүм нь 2010 онд ДУДэС-ийн Чимэглэх урлагийн ангийг төгсөөд сургуульдаа багшилж байгаад 2013 оноос Үлэг гүрвэлийн музейн сэргээн засалчаар ажиллаж байна. ДУДэС-ийг төгссөнөөс хойш Монголын Урчуудын эвлэлээс зохион байгуулдаг олон үзэсгэлэн, уралдаанд идэвхтэй оролцож байгаа юм.








Тодруулбал, МУЭ-ээс зохион байгуулдаг “Намар”, “Хавар”,  “Шинэ бүтээл”, “Гранд арт”, “Алтан бийр” болон Д. Амгалангийн нэрэмжит ДДУС-ийн уран бүтээлч багш нарын “Орон зай” үзэсгэлэн, “Нэг хэсэг’’,  “Тэмүүлэл”, “Монгол шувуулахуй” зэрэг хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцжээ. Мөн Япон улсад зохиогдсон “Фүжи уулын 14 төрх”, Дэлхийн банкнаас АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулсан Монгол зураачдын уран бүтээлийн үзэсгэлэнд амжилттай оролцсон юм.

Тэрбээр 2017 онд Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн уран бүтээлч болсон юм.




“Цагаан манан” үзэсгэлэн 11-р сарын 28 хүртэл үргэлжилнэ.


Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ