Хог хаягдлын төвлөрсөн цэгт 10 гаруй га газрыг цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-08 21:43:10

Ховд /МОНЦАМЭ/. Хог хаягдлын төвлөрсөн цэгийг эмх цэгц, зохион байгуулалтад оруулах зорилгоор хур хог цэвэрлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

Энэ удаа “Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн ЗДТГ-ын захиалгын дагуу “Зөөлөн тэмүүлэл констракшн” ХХК-аас орон нутгийн 75 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 14 хоногийн хугацаанд хог хаягдлын төвлөрсөн цэгийн хур хогийг цэвэрлэжээ.

Ингэхдээ эхний ээлжинд хог хаягдлын төвлөрсөн цэгт 10 гаруй га газрыг цэвэрлэн 1207 хова машин хог ачсан байна.  

Тухайн ажлын гүйцэтгэл, үр дүнг хянан шалгах зорилгоор Жаргалант сумын Засаг дарга С.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр газар дээр нь очиж танилцлаа.

Ховд аймгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн талбайн хур хог цэвэрлэх, чөлөөлөх ажилд “Зөөлөн тэмүүлэл констракшн” компаниас 13 техник ашигласан бөгөөд нийт 40 гаруй хүн ажиллав. 

Цаашид хог хаягдлыг бууруулах, зориулалтын цэгт хог төвлөрүүлэх чиглэлээр иргэдэд зориулсан сургалт хийж, хэд хэдэн сурталчилгааны самбар байршуулахаар төлөвлөж байна гэж ажлын хэсгийнхэн онцоллоо. 
Ховд аймаг 88400 гаруй хүн амтай. Үүний 35 орчим хувь нь аймгийн төвд суурьшин амьдарч байна. Хүн амын төвлөрөл, үйлдвэрлэл үйлчилгээний газрууд нэмэгдэхээс гадна иргэд хог хаягдлаа зориулалтын бус газар асгаж буй. Ингэснээр хог хаягдлын төвлөрсөн цэгийн эзлэх талбай улам тэлж өргөжих болжээ.  

Үүнтэй холбогдуулан цаашид Ховд аймгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийг эмх цэгцтэй болгох, улмаар хур хог цэвэрлэх замаар талбайг чөлөөлөх  ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж салбарын мэргэжилтнүүд онцоллоо. 

Хог хаягдлын төвлөрсөн цэг аймгийн төвөөс 3-4 км зайд бий.  

 

Холбоотой мэдээ