СЗХ-ны дарга, Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлаар завсарлага авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-08 13:48:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхийг хэлэлцэв.


СЗХ нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэв. Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршооны мэргэжлийн холбоодоос СЗХ-ны даргад удаа дараа санал гомдол хүргүүлжээ. Мөн УИХ-аас ажлын баг гарч, СЗХ-ны ажлыг шалган үүрэг чиглэл өгсөн ч хангалттай биелүүлээгүй аж. Тиймээс ББСБ-уудын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтад эрс шинэчлэл хийх шаардлагатай байгааг УИХ-ын дарга дурдлаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан СЗХ-ны дарга С.Даваасүрэн нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргасныг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.


Дээрх асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 5-ны хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцуулав. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Т.Аюурсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Эрдэнэбат, Н.Амарзаяа, А.Ундраа, М.Билэгт нар асуулт асууж тодруулан хариулт авав. УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар холбогдох Байнгын хороод ажлын баг гарган ажиллуулж, үйл ажиллагаа нь учир дутагдалтай байна гэсэн санал, дүгнэлтийг удаа дараа гаргаж байсан, мэргэжлийн холбоодоос ч гомдол, хүсэлтээ ирүүлсэн. Мөн УИХ-ын зарим гишүүдийн зүгээс тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцох төсөл өргөн мэдүүлж байсан. Түүнчлэн Монгол Улс “саарал жагсаалтад” орж, улс орны нэр хүнд унасан, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй болсон учраас холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлагатай болсон. Иймээс нийгэмд бий болсон хүлээлт, шаардлагын дагуу хариуцлагын асуудал яригдаж байгаа гэдгийг хэлж байв.


Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа УИХ дахь МАН-ын бүлгээс СЗХ-ны дарга С.Даваасүрэнг чөлөөлөх тухай тогтоолын төслөөс гадна Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслөөр ажлын тав хоногийн завсарлага авлаа. Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаан 15.00 цаг хүртэл завсарлав. Энэ хооронд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.


Чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ