Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн ажилтай танилцав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-11-08 09:40:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 19, 21 дүгээр талбайгаас газрын тос олборлох ажилтай танилцав.


Мөн үеэр Ерөнхий сайд тус компанийн удирдлагуудтай уулзаж, цаашид хэрхэн хамтран ажиллах болон олборлолтын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар ярилцлаа.


“Петро Чайна Дачин Тамсаг” компани Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан үеэс буюу 2005 оноос хойш нийт 7.5 сая тонн газрын тос олборлоод байна. 19 дүгээр талбайгаас олборлосон тосоо Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт, Тамсаг 21 дүгээр талбайнхыг Баянхошуу боомтоор экспортолж байна. Оргил үедээ буюу 2015 онд нэг сая тонн давж байсан олборлолтын хэмжээ сүүлийн жилүүдэд 800 мянган тонн байгааг компанийн удирдлага танилцуулав. Тус компани шатахууны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах Засгийн газрын зорилтын хүрээнд олборлолтоо нэмж, шинээр байгуулах үйлдвэрт нийлүүлэх боломжтой гэлээ.


Энэ үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанид хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулав. Шалгалтын дүнд химийн аюултай хог хаягдлын хадгалалт, хаягдал шингэнийг байгальд аюулгүй болгох, бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэжээ. Мөн газрын тосонд рояалти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, компани болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг гаалийн татвараас чөлөөлснийг өөрчлөх, гадаад ажилчид Монгол Улсад Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болгох хэрэгтэй гэжээ.


Ерөнхий сайд өнөөдөр Дорнод аймаг дахь Зүүн бүсийн эрчим хүч түгээх станцын ажилтай танилцана.

Холбоотой мэдээ