“Boeing”-ийн тэргүүн цалингийнхаа дийлэнхийг авахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-11-06 12:37:31

НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компанийн гүйцэтгэх захирал Денис Муйленбург 2019, 2020 онд бага цалин авна гэж тус компанийн шинэ тэргүүн Дейв Кэлхун мэдэгджээ.


Өнгөрсөн 10 дугаар сард “Boeing” компанийн тэргүүнээр томилогдсон Д.Кэлхун “CNBC” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр энэ талаар хэлжээ. “Би энэ онд хувьцаа болон урамшууллын мөнгө авах хэрэггүй” гэж Д.Муйленберг түүнд хэлсэн ажээ.


“737 Мах” загварын хоёр нисэх онгоц осолдож, 346 хүн амиа алдсан нь нисэх онгоцны аюулгүй байдлын системтэй холбоотой байж магадгүй талаарх шүүмжлэл газар аваад буй энэ үед Д.Муйленбург дээрх шийдвэрийг гаргасан байна.


Уг загварын нисэх онгоцоор үйлдэх нислэгийг энэ оны гуравдугаар сараас хойш зогсоогоод байгаа бөгөөд энэ нь агаарын тээврийн компаниудад их хэмжээний хохирол учруулжээ. Мөн “Boeing” хохирогчдын ар гэрийнхэнд 5 тэрбум ам.долларын нөхөн төлбөр олгохоор бэлтгэж байгаа аж.


Хувьцаа болон урамшууллын мөнгө нь Д.Муйлербергийн цалингийн дийлэнхийг эзэлдэг бөгөөд 2018 онд тэрбээр 23.4 сая ам.долларын цалин авснаас 20.3 сая ам.доллар нь хувьцаа болон урамшууллын мөнгө байжээ. “Энэ хямралын үед Д.Муйленбург зөв шийдвэрүүдийг гаргаж байгаа бөгөөд тэрбээр компанийг үргэлжлүүлэн удирдах ёстой хүн” гэж Д.Кэлхун хэлжээ. 

Холбоотой мэдээ