Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-14 17:28:58

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах талаар тусгасан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, анхын хэлэлцүүлгээр нь баталлаа.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон Бумбын нуруу нь аймгийн төв Даланзадгад хотоос баруун зүгт 308 км зайд, Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн  хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог.

Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн  нурууны салбар болох Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай идээшин амьдардаг цөөн нутгийн нэг бөгөөд судлаачдын үзэж буйгаар энэ нь дэлхийн хэмжээнд цоохор ирвэсний онцгой амьдрах орчин болж буйгаараа чухал ач холбогдолтой юм.

Де Нэйчэ Консерванси Олон Улсын байгууллагаас Монгол орны өмнийн говьд экологийн бүс нутгийн үнэлгээ хийсэн бөгөөд хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай, экологийн хувьд чухал ач холбогдолтой газрын тоонд Тост, Тосон Бумбын нуруу орсон байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ИТХТ-ийн 2010 оны 06-р сарын 30-ны өдрийн хурлаар Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 668912 га талбайг “Орон нутгийн хамгаалалтай газар” болгосон юм. Гэвч Гурвантэс суманд өнөөгийн байдлаар эрчимтэй хөгжиж буй уул уурхайн нөлөөнд Тостын нуруу хүчтэй өртөж байгаа тул цоохор ирвэсний амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн хийдэг гол нутгийг хамгаалах зорилгоор ангилал дээшлүүлэн улсын тусгай хамгаалалтад оруулах зайлшгүй шаардлага тулгарсан юм.

Улмаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 9 гишүүн өнгөрөгч 3 дугаар сарын 29-ний өдөр Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалт авахаар тогтоолын төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн нь өнөөдөр ийн батлагдлаа. 

Дээрхи газрыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 896 527,44 га-р буюу  Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь 0.4 хувиар нэмэгдэж байна. 

Н.Гантуяа


 

Холбоотой мэдээ