Харилцаа холбооны дэд бүтэц аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-05 17:24:21
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн IV хувьсгал сэдэвт Залуу инженерүүдийн үндэсний анхдугаар чуулган Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор НАМЗХ-оос зохион байгуулж буй уг чуулганд мэдээлэл технологи, харилцаа холбоо, уул уурхай, барилга, эрчим хүч, зам тээврийн салбарын 1000 гаруй инженер оролцож байгаа юм.



Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “Нийт хүн амын гуравны нэгийг 15-34 насныхан, хөдөлмөрийн насны 50 хувийг залуучууд эзэлж буй өнөө үеийг зөв ашиглаж чадвал Монгол Улс хөгжил дэвшилд хүрэх нь гарцаагүй. Засгийн газраас 2018 онд баталсан Гурван тулгуурт хөгжлийн бодлогод аж үйлдвэрийн IV хувьсгалыг эхлүүлэх суурийг тавих зорилт дэвшүүлсэн. Дэлхий даяар эрчимтэй өрнөж буй энэ хувьсгалын үр шимийг хүртэхэд шинжлэх ухаан, технологийн салбарын мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо нэн чухал” хэмээгээд залуучууд, тэр дундаа залуу инженерүүд Монгол Улсын жинхэнэ баялаг гэдгийг онцлон тэмдэглэв.


Дэлхий дахинд аж үйлдвэрийн I, II, III хувьсгал 100 орчим жил үргэлжилсэн. Харин IV хувьсгалаар хүнийг хиймэл оюун ухаан орлож АНУ, ХБНГУ зэрэг хөгжингүй оронд ажлын байр 25-30 хувиар багасна гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, аж үйлдвэрийн IV хувьсгал системийн тусламжтай их хэмжээний мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, ашиглахад чиглэж байгаа юм. Монгол Улсын 330 сум өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбогдсон бөгөөд харилцаа холбооны салбарын дэд бүтэц аж үйлдвэрийн шинэ хувьсгалд бэлэн болсон. Гагцхүү үүнийг ашиглахад бусад салбарын оролцоо хамтын ажиллагаа дутмаг байгааг мэргэжилтнүүд хэлж байв.



УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал: “Дэлхий дахинд аж үйлдвэрийн IV хувьсгал маш хурдацтай өрнөж байна. Биднийг нэг л өглөө сэрэхэд хүний хийдэг бүх ажлыг хиймэл оюун ухаан хийдэг болох нь. Үүнийг дагаад нийгмийн ухааны чиглэлийн мэргэжилтнүүдийг хэрхэн ажилтай орлоготой байлгах вэ гэсэн асуудал урган гарна. ХБНГУ-ын шинжлэх ухааны судалгааны зардлын 70 хувь аж үйлдвэрийн IV хувьсгалаар орлогогүй болох иргэдээ хэрхэн чадавхжуулах талаар судлахад чиглэж байна. БНХАУ шилдэг инженерүүдийг эх орондоо урьж ажиллуулж байна. Бүх салбарт хамааралтай аж үйлдвэрийн IV хувьсгалыг өндөр боловсролтой, гадаад хэлний мэдлэгтэй инженерүүдийнхээ ачаар хийж чадна. Тиймээс тэдний харилцаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулж, асуудлаа хамтдаа шийдвэрлэх боломжийг нээх Инженерүүдийн үндэсний сүлжээг өнөөдөр байгуулж байна” гэлээ.  


Харилцаа холбоо, уул уурхай, барилга, эрчим хүч, зам тээврийн салбарт нарийн мэргэжлийн инженерийн боловсон хүчний нөөц дутмаг байгаа нь чуулганы үеэр хөндсөн гол асуудлын нэг байлаа. Улсын хэмжээнд жил бүр 40 мянган их дээд сургуульд элсэн суралцагчдын ердөө 17 хувь нь л инженерийн чиглэлийн мэргэжил сонгодог байна.



Жишээлбэл, уул уурхайн салбарт уламжлалт боловсруулалт, баяжуулалтын инженерүүдээс гадна эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлогын хүрээнд нарийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай байгааг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү онцолсон юм. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд метан хийн олборлолт, боловсруулалт болон газрын ховор элементийн чиглэлийн нарийн мэргэжилтэн, инженерүүд дутмаг байгааг хэллээ. Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрдэг уул уурхайн салбарын төслүүдийг хөдөлгөхөд эрчим хүч, зам тээвэр, барилга зэрэг бүхий л салбарын инженер, мэргэжилтнүүдийн оролцоо чухал байгааг тэрбээр тэмдэглэв.


Дижитал, буюу цахим эрэнд нэгдэх санал санаачилгыг түүчээлж буй уг чуулганаас “Залуу инженерүүдийн үндэсний сүлжээ” ТББ байгуулах, инженерүүдийн бүтээл, шинэ санааг нийгэмд танилцуулах, лаборатори төвтэй инженер судлаачдын хүрээлэн байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд чуулганаас гарсан санал, зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газарт уламжлах юм.  



Холбоотой мэдээ