Байнгын хороо Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-05 08:25:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын таван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.


УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 09.00 цагт хуралдаж, Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг хэлэлцэх юм. Харин 10.00 цагт хуралдах Эдийн засгийн байнгын хороо Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Мөн 11.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг хэлэлцэнэ.


Үдээс хойш буюу 14.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 16.00 цагт хуралдаж, Монгол Улсын 2020 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ