Ц.Мөнхнасан: Шинэ үеийнхний, шинэ хороолол бий болгоё гэсэн зорилго тавьж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-11-03 13:25:57

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.

 

-Б.Баясгалан /“Архангайн толь” сонин/ - Ярилцлагаа цаг үеийн асуудлаар эхэлье. Өвөлжилтийн бэлтгэл ажил ямар түвшинд явж байна вэ?

-Энэ жил манай аймагт зуншлага, намаржилт сайхан боллоо. Энэ хэрээр малчид маань хадлан тэжээлээ сайтар базааж авлаа. Саяхан бид суурин газрын болон мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцахаар гурван групп болж, 19 сумандаа ажиллаад ирсэн. Анхаарал татаж байгаа ганц нэг асуудал байна. Хангай сумын Эрүүл мэндийн төвийн шалны халаалтаас ус алдаад байгаа юм байна. Бид холбогдох яам агентлагт нь хүсэлт тавьсан. Удахгүй шийдэгдэх байх.


-О.Амарзаяа /“Архангайн амьдрал” сонин/: -Аймгийн хоёр дарга маань хөдөө аж ахуйн салбарын хүмүүс аймгийг удирдах боллоо гээд ярианы сэдэв эхэлсэн дээ. Мэдээж энэ салбарт бодлого үр дүнгийн хүлээлт яг энэ эрчмээрээ үүссэн. Та өнөөдөр энэ салбарт юуг онцлох вэ?

-2016-2020 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн гол зорилт бол “Хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг болох” буюу бид өөрт байгаа зүйлээ цааш нь өртөг шингээж үйлдвэрлэх гол зорилго тавьсан. Энэ зорилгын маань гол салбар нь хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан. Архангай аймаг өнөөдөр малаараа улсдаа тэргүүлж байгаа аймгуудын нэг. Тодорхой хэмжээний газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аймаг. Өнөөдөр газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээнд гэхэд бас тодорхой ахицууд гарч байна. Засгийн газраас ч гэсэн Атрын 3-р аяныг үргэлжлүүлж байна. Энэ хэмжээгээр тариалан эрхлэгчиддээ техникийг, бензин түлшийг, үрийг, бордоог нь тодорхой хэмжээнд зээлээр олгодог ажил эрчимтэй явж байгаа. Орон нутгаас ч гэсэн газар тариалан эрхлэх сонирхолтой иргэд аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байна. Энэ хүрээнд бид өнөөдрийн байдлаар 9800 га-с ургацаа авч байна. Ирэх жил бууруулахгүйгээр амжилтаа ахиулах боломж бололцоотой. Энэ хэмжээгээрээ үр тариагаа бууруулахгүй байх, дээр нь нарийн ногоо, төмс хүнсний ногооны тариалалт нэмэгдэж байгаа. 1000-1500 тоннын зоорийг шийдүүлэх асуудлыг Засгийн газарт тавьсан. ХХААХҮЯ энэ асуудлыг дэмжинэ гэсэн.

“Өрх бүр үйлдвэрлэгч” хөтөлбөрийн хүрээнд нарийн ногооны аж ахуйг Архангай аймагт түлхүү хөгжүүлье, цаашдаа нарийн ногоогоо өөрсдөө хангадаг байя гэсэн зорилго тавьсан. Одоогийн байдлаар зуны зургаан хүлэмжинд 20 хүнийг ажлын байраар хангаад байна. Эд нар маань боломжийн ургац авч байна. Авсан ургацаа буцаагаад нөөшилж даршилдаг тоног төхөөрөмжийг нь шийдэж өгсөн. Дээрээс нь 40х10 хэмжээтэй өвлийн хүлэмжийг шийдэж болох юм гээд тендер нь зарлагдчихсан ойрын хугацаанд гэрээ хийх байх. Ингээд энэ намар шинэ хүлэмж ашиглалтад оруулна. Энэ нь 12 сар бүтэн ашиглах боломжтой хүлэмж. Мал аж ахуй үйлдвэрлэлийн хувьд малын тоо толгой жил болгон өсөж байгаа. Энэ бол малчдын маань уйгагүй хөдөлмөрийн үр дүн.

Бид мал аж ахуй үйлдвэрлэлээ тооноос илүү чанарт шилжүүлье гэсэн зорилго тавьж байгаа. Мал эмнэлгийн болоод малын үржил генетикийн гэсэн 2 хууль шинээр батлагдсан. Энэ хүрээнд бид нэлээд ажлыг хийж байна. 100 сая төгрөгийг малын үржлийн нэгжүүдийг дэмжиж олголоо. Өнгөрсөн жил 50 сая төгрөг олгосон. Малын үржлийн үйлчилгээ үзүүлдэг 10-аад нэгжтэй болчихсон байна. Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран нэлээд жишиг болох нэгжийг Ногоон алт хөтөлбөртэй хамтраад явуулж байгаа. Мөн Тамир, Хотонт хонинд үржил селекцийг сайжруулах, цаашид энэ хониныхоо чанарыг сайжруулах зорилготой ажиллаж байгаа. Тэрхийн бор сарлагийн үржлийн фермийг энэ жил байгуулахаар зорилго тавьсан. Үүнийг байгуулъя гэсэн аж ахуйн нэгж, иргэд, эрдэмтэн докторууд байна. Тэд нарыгаа дэмжээд 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа. Цаашдаа алдарт Тэрхийн бор сарлаг маань буцаад бий болох, сарлагийн үржлийн цөм сүрэг бий болох боломжийг энэ жилээс нээж өгч байна.

Малын эрүүл мэндийн чиглэлээр Шинэ хууль бий болсноор урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Өмнө нь бид “Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө” гэгчээр юм болдог байсан даа. Ялангуяа малаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг, угаалга тарилга туулгалтад хамруулдаг. Хуучны намрын 8, зуны 6, хаврын 13 гээд ажлуудыг хийж эхлүүлсэн. Энэ жилээс үр дүнгээ өгч байна. УИХ-ын гишүүд маань энэ асуудлыг сайн дэмжиж байгаа. Ялангуяа Г.Тэмүүлэн гишүүн тойргийнхоо найман сумын 42 багт суурин банн барих ажлыг эхлүүлсэн. Нэгдүгээрт угаалга туулгалтдаа малаа бүрэн хамруулчихдаг, дээрээс нь үзлэг ангилалтаа хийчихдэг, хашааг нь давхар шийдэж өгч байгаа. Угаалга туулгалт хийгээд ирэхээр малын тарга тэвээрэг, ашиг шимийн үзүүлэлт сайжирна. Эрүүл мэндийн чиглэлээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаад байвал тодорхой хэмжээнд өвчин эмгэг, янз бүрийн гоц халдварт өвчнөөс сэргийлээд байх бололцоо нэгдүгээрт бүрдэж байна. Хоёрдугаарт Архангай аймгаас гарч байгаа мах эрүүл байх стандарт руу ойртож, борлуулалт сайжрах боломж бүрдэх юм. Энэ хэмжээгээрээ мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэх, чанартай болох юм.


-Х.Цэвэгмэд /”Архангайн толь” сонин/: -Энэ өвөл нөөцийн мах бэлтгэх үү?

-Монгол Улсын Засгийн газар 2016 онд нэг шийдвэр гаргасан. Мал аж ахуйн бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх, өртгийг сайжруулах, гадаадын зах зээлд экспортлох гээд. Тэр хүрээнд гадагшаа гарч байгаа экспортын маханд квот тогтоодог байсан. Тэрийг нэгдүгээрт больсон. Хоёрдугаарт БНХАУ-тай хамтарч ажиллах чиглэлээр тэдний Мэргэжлийн хяналтын байгууллагуудыг авчирч өөрийнхөө махны үйлдвэрүүд дээр эксперт хийлгэж, хоёр жил ажилласны үр дүнд 2018 оноос махны үнэ нэлээн нэмэгдсэн. Дэлхийн зах зээлд махны үнэ өндөр байгаа. Статистик тоо харж байхад 2018 онд 70 мянган тонн махыг гадагш нь экспортолсон байна. 3 доллараар бодоод үзэхэд л 210 сая доллар манай Монголд орсон байх жишээтэй. Энэ нэг сайн талтай ч, нөгөө талдаа суурин газар байгаа хүмүүст очиж байгаа махны үнэ өндөр байгаа. Энэ дээр Засгийн газраас аймгуудад тодорхой чиглэлүүд өгсөн.

Аймгууд мах бэлтгэж байгаа үйлдвэрүүдтэйгээ хамтарч нийгмийн хариуцлагын хүрээнд нөөцийн махыг бэлтгэх чиглэл өгсөн. Засгийн газрын түвшинд тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж нөөцийн махыг бэлтгэх байх. Аймгийн хэмжээнд 2018 оны эцэст энэ оныхоо мөнгийг баталчихсан учраас одоогоор хөрөнгө гаргах боломжгүй байна. Гэхдээ бид энэ нийгмийн хариуцлагын хүрээнд, мөн Засгийн газраас ч гэсэн аймгууд руу тодорхой чиглэл өгөх байх, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх байх гэж бодож байгаа. 11-р сарын 1-нд ХХААХҮЯ-наас махны чиглэлээр бүтээгдэхүүний томоохон үзэсгэлэн гаргана. Тэнд сум бүрээс 1000-аас доошгүй тонн махыг оруулах, борлуулалт хийх, махны экспорт хийж байгаа аж ахуйн нэгжүүдийг хамруулах, махны нөөцөө бэлтгэх зорилго тавьсан.


-М.Бямбацогзол /”АВ” телевиз/: -Манай аймагт өмнө нь махны үйлдвэр байсан. Энэ жил бас махны шинэ үйлдвэр барьсан байгаа. Энэ нь зах зээлийн өрсөлдөөн бий болж байна гэж харж байна л даа. Энэ махны үйлдвэр ямар харилцаа холбоогоор, хэрхэн байгуулаад байгаа вэ. Иргэдийн дунд ойлгомжгүй асуудлууд нэлээн байна. Энийг нэгтгэж өгөхгүй юу?

-Архангай аймагт Хангайн хүнсний махны үйлдвэр байсан. Өнгөрсөн жилээс хоёр ч махны үйлдвэр бий боллоо. Тэр асуудалд ороод яригдаад байгаа нь бол Хөдөө аж ахуйн маркетинг төслөөр анх бий болсон үйлдвэр. Тодорхой иргэн аж ахуйн нэгж эзэмшиж байсан. Энэ жил тодорхой өргөтгөл хийсэн юм билээ. Тэгээд энэ жилээс мах авч байгаад цэвэрлэх байгууламжийн асуудал яригдсан. Тиймээс ирэх жилээс стандартын түвшинд болгож байж махаа авъя гээд ерөнхийдөө үйлдвэрлэлээ зогсоосон байгаа. Тэр үйлдвэр Хятадын хөрөнгө оруулалттай болсон юм байна гэж би ойлгож байгаа. Тэр бизнес явуулж байгаа хүн нь хятадуудтай хамтарч байгаа гэсэн ойлголт надад байгаа. Хятадын махны үйлдвэр бий боллоо гэсэн мэдээллүүд яваад байгаа. Энэ чиглэлээр би Хөдөө аж ахуйн газрын дарга, мэргэжлийн улсуудыг очиж анхаарал тавьж, үзэж хар гэсэн. Тэгээд “Хамтарсан хөрөнгө оруулалттай юм шиг байна. Хятадын зах зээл дээр махаа борлуулах зорилготой ийм үйлдвэр байна” гэсэн. Бас одоо шинээр бий болж байгаа хорооллын, хуучин онгоцны буудлын цаад руу нэг үйлдвэр барьсан. Тэр үйлдвэр одоогоор үйл ажиллагаа явуулаагүй байна. Миний ойлгож байгаагаар бас нөгөө цэвэрлэх байгууламжаа шийдэх шаардлагатай байгаа болов уу.

Манайд цэвэрлэх байгууламж бий болсноор махны үйлдвэрлэл, арьс ширний үйлдвэрлэл бий болно гэж иргэд маань ойлгоод байх шиг байна л даа. Өнөөдрийн бидний хийж байгаа цэвэрлэх байгууламж бол тодорхой хэмжээнд ахуйн цэвэрлэх байгууламж. Махны, ноосны үйлдвэр шинээр баригдаж байгаа. Эд бол өөрийн гэсэн цэвэрлэх байгууламжтай байх стандарттай. Тэрүүгээрээ цэвэрлээд саарал усаа гаргаж, үүнийгээ цэвэр болгосон үедээ буцаагаад манай цэвэрлэх байгууламж руу нийлүүлэх юм. Бид нар анхнаасаа стандартаа зөв тавих юм бол дараа дараагийн ажил маань тэр хэмжээгээр доголдолгүйгээр явах боломжтой.


-Б.Мандуул /”АВ” телевиз/: -Аймагт сүүлийн үед төвлөрөл нэмэгдэж байна. Орон сууц барилга байгууламжууд ашиглалтад орж байна. Үүнтэй уялдаад ундны усны асуудал хөндөгдөж байна. Аймаг усны нэг эх үүсвэртэй. Гэтэл хоёр, гурав дахь усны эх үүсвэрээ хэрхэн тооцоолж байгаа вэ? Аймгийн ард иргэдийн усаар тасрах аюулаас урьдчилан сэргийлж ямар ажлууд хийж байна вэ?

-Хүн ам өсч байна. Тэр хэмжээгээр суурьшлын бүс Эрдэнэбулган сум хүрээгээ тэлж байгаа. Хоёр дахь эх үүсвэрийн хувьд судалгаа хийсэн. Хоёр дахь эх үүсвэрээ Наран хороололтой холбож, тэнд бий болгохоор техник эдийн засгийн үндэслэлээ бүрэн боловсруулчихсан. Тэгээд урд Тамирын голоосоо хойш нь хоёр дахь эх үүсвэрийн усыг авах, тэгээд Наран хороолол руу нийлүүлээд нааш нь аймаг руу давхар нийлүүлэх ийм хоёр дахь эх үүсвэрийг шийдэж байгаа. Наран хорооллын дэд бүтцийн шугам холболтын ажлыг 2020 оноос эхлээд улсын төсөв дээр тавьж эхлүүлье гэсэн зорилго тавьсан. Үүнд усны хоёр дахь эх үүсвэр маань ороод явж байгаа.


-Б.Гэрэлт-Од /МОНЦАМЭ агентлаг/: -Сумдад ногоон тэжээл тарьж, сумынхаа нөөцөд бэлтгэх ажлыг та эхлүүлсэн. Зарим суманд 60-70 га-д ногоон тэжээл тарьж байна. Энэ ажил сумдад жигд байж чадаж байна уу?

Мөн 2017 оноос Цөм сүргийг бий болгох ажлыг нэлээд хийсэн. Малчид үр шимийг нь яаж хүртэж байгаа вэ?

-Бид 2016 онд иргэдийн хурлаар сум болгонд 10 га газрыг сумынх нь мэдэлд, цаашдаа өвс тэжээлийнхээ фондыг нэмэгдүүлэх, төмс хүнсний ногоо тариалах, ингэснээр өөрсдийнхөө хэрэгцээг тодорхой түвшинд хангаад явдаг байхаар шийдэж өгсөн. Өнгөрсөн жил 10 га-д ногоон тэжээл тарих үрийг нь авч өгсөн. Энэ жилийн хувьд сумд энэ газраа өөрсдөө ашиглаж байгаа. Цаашид өвсний нөөцийг нэмэгдүүлэх, тэжээл, үр тариалалт, төмс хүнсний ногоо тариалалтыг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Сум орон нутаг хуучин атар газраар ашиглаж байсан газраа сэргээн, тариалалт нэмэгдүүлэх саналыг дэмжиж ажиллана. Ихтамир суманд Тамир хонины чанарыг сайжруулах чиглэлээр дархад хониноос 200 хурган хуц авах ажлыг Хөвсгөл аймагтай яриад шийдсэн. Газар дээр нь үзэж хараад өнгөрсөн жил бэлдсэн. Энэ жил төлгөн хуц болж байгаа. 30 сая төгрөгийг шийдэж өгсөн. Дээрээс нь манай Цөм сүргийн үржлийн төвөөс тодорхой тооны хуц, ухна, бухыг жилд бэлдэж гаргаж байгаа. Тоог нь нэмэгдүүлэх, цаашдаа илүү нуруу, нугаламтай хониор малынхаа чанарыг сайжруулах чиглэлээр бусад аймагтай холбогдож байна.

Өнгөрсөн жилээс нэмэгдүүлсэн нэг технологийн шинэчлэл бол зохиомол хээлтүүлгийн буюу биотехнологийн ажил. Гоц халдварт өвчний жишээнээс харахад малаас малд халдах өвчнийг авчрах эрсдэл үүсээд байгаа юм л даа. Тийм учраас тэндээс нь үрийг нь аваад эндээ малаа хээлтүүлэх боломжийг өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Өнгөрсөн жил 1000 гаруй хонинд зохиомол хээлтүүлэг хийсэн. Энэ жил бас энэ хэмжээгээр хийнэ. Зөвхөн хонинд гэлтгүй сүүний чиглэлийн үхэрт Цөм сүргийн үржлийн төвөөрөө дамжуулаад удмын сантай хамтарч ажиллаж байгаа. Өнгөрсөн жил супполкоор иргэд хонио сайжруулах чиглэлээр хэрэгцээний эрлийзжүүлэг хийж махныхаа үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр санаачилгатай ажилласан.


-Б.Баясгалан /”Архангайн толь” сонин/ -Иргэдийн хүсэн хүлээж буй асуудлын нэг нь дулааны станц. Энэ станцын ажил ямар түвшинд явж байна вэ?

-2021 оны 12-р сард эцсийн байдлаар хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд явж байна. Техник эдийн засгийн үндэслэлээ Солонгосчууд өөрсдөө гаргаж байгаа. 9-р сард бид гүйцэтгэгчээ шалгаруулсан байх ёстой. Он гарахаас өмнө энэ асуудал цэгцэрчих байх. Дулааны станц ашиглалтад орсноор олон давуу талтай. Байнгын, найдвартай дулааны эх үүсвэртэй болох, үүнийг дагаад байнгын халуун устай болно.


-О.Амарзаяа /Архангайн амьдрал сонин/: -Манай аймаг бол дулааны шугамыг буюу стратегийн энэ обьектоо хувьчилсан хоёрхон аймгийн нэг. Монопол нэг компанийн мэдэлд байгаа халаалт нь нэг хүний дур зоргоор шийдэгддэг. Таны ярианд ч гарлаа шүү дээ. Барилгын компаниудаас 70-80 сая төгрөг нэхдэг ч гээд. Үнэхээр яг тэр өргөтгөл нь шаардлагатай юмуу, энэ хувьчилчихсан шугамыг яах ёстой юм бэ гэхчлэн олон асуудал байгаа. Дулааны станцтай болсон ч гэсэн хувийн мэдэлд байгаа шугамыг ашиглаж таараа. Энэ дээр аймаг ямар бодлоготой байгаа вэ. Тэр хувь хүнтэй ямар хэлцэл тохироонд хүрсэн бэ?

-Дулааныхаа шугамыг хувьчилчихсан аймаг нь Говь-Алтай манай хоёр л доо. Эндээс гол нь хүндрэл үүсч байгаа нь үнэн л дээ. Үйл ажиллагаа явуулж байгаа нэг компани уурын зуухандаа шинэчлэл хийхгүй, технологийн шинэчлэлт хийхгүй байна. Аливаа юм цаг хугацаандаа хурдацтай хөгжиж байна шүү дээ. Түрүүний хэлсэн орон сууцжуулах хөтөлбөр маань энэ дээр гацчихаад байгаа.

Бид 250 сая төгрөгөөр зураг хийлгэж байгаа, нийт цар хүрээ маань 14,7 км орчимд, энэ бол салбар шугам, төв шугам биш. Төв шугам бол Солонгосын хөрөнгө оруулалтаар хийгдэнэ. /9 км/ Энэ дээр 14 өргөх станц байгаа. Хар ухаанаар ойлгох юм бол уурын зуух юм. Цаанаас ирж байгаа дулаанаа аваад буцаагаад хөргөөд түрүүний бидний хийлгэж байгаа салбар шугам руу тараагаад иргэд аж ахуйн нэгж рүү хүргэдэг 14 өргөх станц байгаа. Энэ дээр бид хуучин байгаа уурын зуухнууд дээрээ өргөх станцыг байрлуулбал яадаг юм гээд анх төслийнхөн ирэхэд санал ярьсан. Төслийнхөн 2-3 удаа ирж ажиллаж үзсэн. Хийхгүй бол танай дулааны станц зогсчих магадлалтай юм гэсэн. Бид тусад нь 14 байршил бий болгоод өргөх станцуудыг бий болгож байгаа. Түүн дээр бүрэн тоноглолыг нь хийж өгье гэж байгаа.

"Эх голомтын илч" компанитай би нэг зүйлийг ярьж байгаа. Энэ компани өмнө нь дулааны станцыг барина гээд 2013 онд гэрээ байгуулсан. Тэрнийхээ хүрээнд би станцаа барина. 16 тэрбум төгрөгөөр барина гээд ийм зүйл яриад байгаа юм. Тэгээд 16 тэрбумаар барих юмыг та нар 40 тэрбумаар барилаа гээд яриад байсан. Үнийн өөрчлөлтөөр яалт ч үгүй тийм болж байгаа юм байна лээ л дээ.  Монгол, Солонгос улсын Засгийн газар хоорондын түвшинд хийж байгаа энэ ажлыг бид хоёр яриад өөрчилчихдөг ч зүйл биш. Энэ хөрөнгө оруулалтыг Монгол Улсын Засгийн газар хийнэ. Харин компанитай бол “Танай шугамыг өргөтгөөд явна, танайх гурван шугам байна, бид энийг тав болгоод явах шаардлагатай байна, танайх зөвшилцлөө гарга, дулаанаа түгээх асуудал дээл танайхыг боль гэдэг зүйл бид яриагүй, хамтраад түгээх асуудлыг танайх байгаа шугам дээрээ аваад явахыг үгүй гэхгүй, энэ бол боломжтой ажил, бид танайхтай хамтарч ажиллахад бэлэн” гэж саналаа хэлсэн. Илчийн шугам бол дөрвөн км гаруй. Бидний тавьж байгаа шугам 15 км байгаа. Тэгээд энэ тал дээр албан ёсны хариу өгөхгүй байгаа юм. Надад тодорхой хэмжээний хөрөнгөө үнэлээд хувь тогтвол яадаг юм гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь би “та үнэхээр хөрөнгө хүчээ үнэлээд үйл ажиллагаагаа эдийн засгийн тооцоогоо хийж ирээд би мэргэжлийн хүмүүстэй нь уулзъя. ИТХ-тайгаа ярилцъя, надад татгалзах зүйлгүй байна гэж хэлсэн. Тэгээд албан ёсны саналаа ирүүл гэдгийг би бас удаа дараа хэлж байгаа. Асуудал шийдэх түвшинд бол би нээлттэй саналтай байгаа. Бас тэр хүний хөрөнгө хүч байгаа байх. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хөлс хүч ч байгаа. Тэр хэмжээнд бол бид хүндэтгэж үзэлгүй яахав.


-Х.Цэвэгмэд /”Архангайн толь” сонин/: Цэнхэр сумын Орхон багт ажиллаж байсан компаниудын лицензийг цуцаллаа. Тэрний ард бас асуудлууд үүсээд байгаа. Тухайлбал Монгол газар компани 410 га газрыг эвдрэлд оруулчихаад одоогийн байдлаар ямар нэгэн нөхөн сэргээлт хийгээгүй байна. ЗДТГ-ын даргаас мэдээлэл авахад Монгол газрынхныг хайж байгаа гэсэн хариу өгсөн. Энэ асуудал яг ямар шатандаа явж байна вэ. Монгол газар компанид ямар нэгэн хариуцлага тооцох арга хэмжээ авч эхэлсэн үү?

-Орхон багт явуулж байгаа алтны олборлолтын асуудал олон жил яригдсан, 1997 оноос эхлэлтэй юм байна лээ. Сүүлийн үед 2015 оноос эхлээд нөгөө урт нэртэй хуулийн үйлчлэлийн хүрээг багасгасан асуудалтай холбоотойгоор алтны уурхайн лицензүүд сэргэсэн. Нийтдээ 10 аж ахуйн нэгжийн 13 лицензийг сая Засгийн газраас хүчингүй болголоо. Энэ хэмжээнд буцаад тавигдаж байгаа шаардлага бол эдгээр компаниуд энэ газраа биологийн болон техникийн нөхөн сэргээлтийг бүрэн хийж өгөх үүрэг оногдож байгаа. Засгийн газрын ажлын хэсэг хоёр удаа ирж ажиллалаа. Дээр нь орон нутгаас болоод Цагдаагийн ерөнхий газраас тодорхой бие бүрэлдэхүүн ажиллаж байгаа, 8-р сарын 23-наас өнөөдрийг хүртэл. Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа Алтай гоулд, Улз, БМНС, бас сүүлд лицензтэй болсон хоёр компани байна, Тэдгээр компаниуд нөхөн сэргээлтээ тодорхой хэмжээнд хийсэн байна лээ. Нийтдээ 90 га газарт техникийн нөхөн сэргээлт, 25 га газар биологийн нөхөн сэргээлт хийсэн байна. Бид 10-р сарын 01 гэхэд дуусгах хугацаа өгсөн, тэгэхээр хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байна. Хамгийн анхаарал татаж байгаа газар нь Монгол газар, Сэншивеи Монгол гэдэг хоёр компани ирэхгүй байна. Сэншивеи Монгол ХХК нь хаяг дээрээ ч байхгүй компани байна гэсэн. БОАЖЯ Монгол газар, Сэншивеи монгол гэдэг хоёр компанийг Цагдаагийн газарт шилжүүлэх, дуудаж ирүүлэх, хүчээр авчрах, нөхөн сэргээлтийг нь эхлүүлэх шийдвэр гарсан. Тэр компаниудыг ямар ч байсан олж, нөхөн сэргээлтээ хийлгэнэ гэж ажлын хэсэг шийдвэрлэсэн. Энэ асуудлыг БОАЖЯ, Цагдаагийн ерөнхий газарт санал хүргүүлж, албадан ирүүлж асуудлыг шийднэ гэж ойлгож байна. Нөхөн сэргээлтийн ажлыг өнөөдөр хийгээд дуусчих ажил биш юм байна лээ л дээ. Техникийнхийг хийх, ирэх жил биологийнхийг эхлүүлэх гээд л гурван жилээс доошгүй хугацаа яригдана. Энэ дээр аймаг нэлээн шаардлага тавьж, шахаж ажиллана.


-Б.Гэрэлт-Од /МОНЦАМЭ агентлаг/: -Дахин төлөвлөлтүүдийг яаж хийж байгаа вэ?

-Дахин төлөвлөлтийн асуудлууд яригдаж байгаа. Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хийж байгаа. Энэ оны эцсээр дуусаад бидэнд хүлээлгэж өгнө. Тэндээс дахин төлөвлөлтүүдээ хэрхэн хийх вэ гээд техник эдийн засгийн үндэслэл, зураг, бүх зүйл нь хийгдэнэ. Тэгэхээр ирэх жилийн дахин төлөвлөлт тодорхой хэмжээнд үндэс суурьтай зурагтай болоод явна. Зураг, төсөөлөл хийхгүй учраас мөнгө тавиад тэрний үр дүн бага гараад байна.

ТОСК–д “Манайд 240 айлын орон сууц баригдах ёстой тэрнээс 120 нь баригдсан. Иймээс 120 айлын орон сууцаа нэмж барих асуудлыг танайх шийдэж чадахгүй бол бидэнд газрыг нь өг” гэсэн саналыг тавьсан. Удирдлагууд нь “Танайд газрыг нь шилжүүлж өгье. Та нар тэндээ орон сууцжуулах асуудлаа хийж болно” гэсэн. Цахимаар тендерийг нь зарлачихсан байж байгаа. Энэ 120 айлын орон сууцыг ирэх онд ашиглалтад оруулах зорилго тавьсан. Манайд нэг зовлон үүсээд байгаа. Одоогийн байдлаар 5-6 иргэн аж ахуйн нэгж орон сууц барих гээд дулааны нөхцөлөө авч чадахгүй байдал үүсээд байна. Энэ чиглэлээр дулааны үйл ажиллагаа явуулж байгаа компанид ч асуудал ярьсан. Олон жил болчихсон дулааны уурын зуух өргөтгөл хийхгүй бол хүчрэхгүй байна гэсэн. Нөгөө компаниудад 60-80 сая төгрөгийн өргөтгөлийг уурын зуухандаа хийх юм бол дулаанаар хангана гэдэг асуудал үүсчихээд байгаа. Дулааны станц барья гээд байгаа гол зорилго маань ч энэ. Бид нар дулаан хангамжаа энэ системээр явуулж хүчрэхгүй болчихоод байна. ТОСК-ийн 120 айлын орон сууцны зуух нь 240 айл хангахаар баригдчихсан. Тэрнээс цаана хувийн орон сууц буюу хаус байна шүү дээ. 88 айлын газар байгаа. Наана нь 44 айлын газар дээр гэрээ хийгээд компани оруулсан юм байна лээ. Тэр нь одоо үйл ажиллагаа нь бүрэн дүүрэн явахгүй нэлээд олон жил түгжээтэй байгаа. Би өнгөрсөн хавар энэ компанийн удирдлагуудтай уулзаж, ажлаа яаралтай явуул гэдэг шаардлага тавьсан. Тэр 8 хувийн зээлийн талаар банкуудтай ярьсан. Банк 8 хувийн зээлийн багц нэмэгдчихсэн, дэмжээд өгөх боломж байна гэж байгаа. Тэгээд энэ түвшинд ажлаа явуул гэж нэлээн шахсан боловч ахиц гарсангүй. Тэр үлдэж байгаа газар дээр ч гэсэн бид дахин төлөвлөлтийг хийж, хувийн орон сууц барих, хаус барих бололцоог иргэддээ бий болгож өгнө гэсэн зорилго тавьж байгаа. Тэгээд цаана байгаа 88 айлын газар дээр 44, 44-өөрөө хотхон барих юм. Үүнийг сонирхсон аж ахуйн нэгж компани байвал гээд урилга давхар тавьсан байгаа. Энэ дээр нэг дутагдалтай зүйл нь дулааных нь асуудлыг шийдээгүй юм байна лээ. Дулааныг нь цахилгаанаар шийднэ гээд цэвэр бохирын шугам оруулчихсан, дулаан нь ороогүй байгаа.

Манай дээр дулааны станц барихтай холбоотойгоор салбар шугам хийх ажлыг бид 250 сая төгрөгийн зургийн тендер зарлаад компани шалгарчихсан хийж байгаа. Тэгээд тэр компанидаа энэ хэсгийн энэ төлөвлөлтийн дулааныг оруулах зургийг хийгээд өгөөч гээд санал тавьсан. Энэ жил хийгээд өгнө гэсэн. Тэгэхээр ирэх жил бол тэнд дулааных нь асуудлыг шийдчих учраас дулаан оруулах хөрөнгийг орон нутгийн хөгжлийн сангаас бүрдүүлнэ. Ингээд ирэхээр орон сууц гэхгүйгээр тэнд хувийн байшингаа бариад тав тухтай амьдрах бололцоо 88 иргэнд бий болно. Бид Залуучуудын хөгжлийг дэмжихэд анхаарч байна. Энэ 88 айлын сууцны асуудал дээр ч залуучуудаа хамруулъя гэсэн бодлого барьж байна. Бизнес, төрийн салбарт ажиллаж байгаа залуучуудаа хамруулъя, шинэ үеийн шинэ хороолол бий болгоё гэсэн зорилго тавьж байна.


-Ц.Анхманлай /ММ агентлаг, Аймгийн Засаг даргын хэвлэлийн алба/: -Хөрөнгө оруулалтын ажлууд ямархуу явцтай явж байгаа вэ?  Гэрээний хугацаа дууссан ч цаашаа үргэлжлэх боломж байгаа барилгууд байгаа. Энэ тал дээр та ямар шаардлага тавьж байгаа вэ?

-2019 онд Монгол Улсын хэмжээнд ч, Архангай аймгийн хэмжээнд ч гэсэн нэлээн хөрөнгө оруулалт бий болсон он байлаа. Нийтдээ 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт энэ жил орж байгаа. Тэрний 40 гаруй тэрбум нь энэ жил бүрэн хөрөнгө оруулалтаараа санхүүжихээр хийгдсэн. Улсын төсвийн болоод орон нутгийн хөрөнгө оруулалт нийлээд нийтдээ 30 гаруй төсөл арга хэмжээ байна. Тэгээд энэ дээр бид сая ажлын хэсэг гаргаж нэлээн ажилласан. Энэ зун ч гэсэн барилга захиалагчийн алба болоод чиглэлийн байгууллагууд нэлээд хариуцлагатай ажиллаж байгаа. Тендерийн хуультай холбоотой хугацаа алдах, дундаас нь бие биедээ гомдол гаргах гээд цаг хугацаа алддаг зүйл байна. Ерөнхий тендерийн ажлууд бүгд зарлагдаад дууссан. Ганцхан ажил дээр гэрээ байгуулаагүй байгаа. Сая бас ажлын хэсэг ажилласнаар 2-3 ажил дээр эргэж ярихаар болсон. Ялангуяа орон нутгийн хөгжлийн сантай холбоотой. Энэ жил Хуримын ордон барина гэсэн, зургийн ажил нь одоо болтол эцэслэгдээгүй, 2-3 компани дамжчихаад байна. Худалдааны гудамжны дээврийг УИХ-ын гишүүнтэй санал солилцсон. Ё.Баатарбилэг сайд маань энэ дээр нэлээн санаа өгсөн. Шилэн фасадтай болгоод сүүлийн үеийн аятайхан худалдааны төв болгоод хөрөнгө оруулалтын ажлыг цааш нь үргэлжлүүлэх, энд байгаа хүмүүсийн павилонуудыг эргэлтэд оруулах, тодорхой хэмжээний худалдааны төвлөрлийг бий болгох зорилго тавьсан. Энэ түвшинд 100 сая төгрөг тавьсан. 100 сая төгрөг маань хаанаа  ч хүрдэггүй. Ийм хоёр ажил байгаа. Бусад ажлууд гэрээ хийгдчихсэн явж байгаа.


-О.Амарзаяа /”Архангайн амьдрал” сонин/:  Бүтээн байгуулалт гэхээр хүмүүс шинэ барилга байгууламж яриад байдаг. Гэвч өмнө нь хийгдчихсэн бүтээн байгуулалтуудыг тордохгүй байна. Ялангуяа Архангай аймгийн нүүр царай болсон Цэцэрлэг хотын бүтээн байгуулалтууд, энэ хэдэн цогцолбор, саадууд, нөгөө усан оргилуур гээд эдгээрийн арчилгаа тордолгоо, өнгө үзэмжийг сайжруулах тал дээр нэлээд учир дутагдалтай байдал байна. Тэрчлэн хотын доторх замууд байна. Бас тэр цогцолбор саадууд дээр Засаг солигдох болгонд тендер ордог, засвар ордог бүр буулгаж хаяад дахиад барьдаг. Ер нь энэ бүтээн байгуулалтуудыг эрэмбэлэх тал дээр, шинэ гэхээсээ илүү хуучнаа засах асуудлыг яах вэ?

-Аливаа зүйл өчигдөр, өнөөдөр, маргааштай явдаг. Усан оргилуурын хувьд мэргэжлийн хяналтын акт тавигдсан. Тэр нь усан дотор нь цахилгааны зүйлүүд байршуулсантай холбоотой. Манайхтай адилхан усан оргилууртай нэг аймагт хүүхэд тогонд цохиулсан асуудал гарсан гэсэн. Тиймээс аюулгүй байдлыг хангаж ажил гэсэн шаардлага тавьсан. Бид ирэх оны төсөв дээр мөнгө тавьж аюулгүй байдлыг хангаж ажиллая гэж төлөвлөж байна. Замын хувьд нөхөөсний асуудлыг хавар эрт эхлүүлэх гээд нэлээн шахсан. Энэ жил замын асуудал гэхэд Архангай аймагт нэлээн олон тэрбумын, олон км-ийн асуудал орж ирсэн. Тэгэхээр нөгөө компаниуд маань тэр рүү орцгоогоод, аймгийн төвийн замын нөхөөс, эвдрэлийг засах нь оройтчихсон. Энэ тендерийг гурван удаа зарласан. Тендерийн шинэ хуулиар харьцуулалтын тендерийг шууд гэрээ хийхээ больчихоод байгаа. Гурван удаа зарлагдаж байж нэг компани шалгаруулж орууллаа. Дулаан улиралд ямар ч байсан хот доторх зам засварыг дуусгана. Дээрээс нь бас гэр хорооллууд руу явсан замуудыг засах ажлууд байна. Ялангуяа  Арслан цохионы замын зургийг нь хийлгэсэн. Жил болгон засвар хийх шаардлага гардаг. Тэгэхээр энэ дээр инженерийн хэмжээний шийдэл гаргах шаардлагатай. Энэ ажил бас ондоо багтаад дуусна.

Бид энэ Бөхбилэгтийнхээ саадыг хүүхэд залуучуудын томоохон цэцэрлэгт хүрээлэн болгох зорилготой байгаа. Өнгөрсөн жил энэ талаар Иргэдийн хурал дээрээ ч ярьсан. Гол нь гүйцэтгэгч компанийн шүүхийн асуудал одоо л дуусч байх шиг байна. Бид нар иргэдээ ая тухтай байлгах чиглэлд хөрөнгө оруулалтуудыг хийж байгаа. Өнгөрсөн жил 36 айлын орон сууцнуудын урд талын зогсоолыг янзалсан. Энэ жил 2-р 48 айлын орон сууцны  урд талын зогсоолыг янзалж байна. 1-р 48-ын зогсоол дээр тохижилтын ажлыг хийнэ. Бид шат дараатайгаар цааш цааш нь үргэлжлүүлнэ. Гэрэлтүүлгийн хувьд гэрэл 100 хувь асахгүй байгаа гэсэн гомдлууд байгаа. Хот тохижилт маань хэсэгчилсэн засваруудыг нэлээн хийж байгаа. 11-р сарын 1 гэхэд ерөнхийдөө 90 хувийн асалттай болгоно.


-О.Амарзаяа /Архангайн амьдрал сонин/: -Сая Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан дээр бүтээн байгуулалтууд хугацаандаа ашиглалтад орохгүй байгаа юм биш үү гэсэн асуудлыг зарим тэргүүлэгч хөндсөн байсан. Үүний цаана тендер авсан компаниудын хариуцлага, чадвар чадамжтой холбоотой асуудлууд ч яригдаад байна шүү дээ. Бид нарт бас гашуун түүхүүд бий. 100 хувь мөнгөө авчихсан мөртлөө нойл гүйцэтгэлтэй, дутуу хаяад явсан, царцсан барилгуудын асуудлууд байж байдаг. Сая усан оргилуурын асуудлыг дурдлаа шүү дээ. Өнгөрсөн хойно тэр цахилгааныг тийм хариуцлагагүй байрлуулсан асуудлыг мэдсэн байх жишээтэй. Үүний цаана бас аймаг хүлээж авч байгаа асуудал байна. Ажлын хэсэг гэж байгаа, мэргэжлийн баг байгаа. Тэдний хариуцлага дээр яаж анхаарах юм вэ?

-Усан оргилуурын хувьд баригдаад 10 гаруй жил болж байгаа шүү дээ. 10 жилийн өмнө л ийм шийдэлтэй баригдсан  байгаа юм. Тэгээд хүүхэд тогонд цохиулсанаас үүдээд аюулгүй байдлыг хангаж ажил гэсэн чиглэл өгсөн. Төвд зарлагдаж байгаа тендер, төрийн өмчийн хороонд зарлагдсан тендерүүд дээр өнгөрсөн жил ийм асуудлууд гарсан. Манай Хангай сумын цэцэрлэгийн асуудал байж байна. Нэг компани шалгарсан нөгөө компани санхүүжилтээ аваад алга болчихсон, одоо болтол байхгүй. Тэгээд бид Боловсролын яаманд нь саналуудыг тавьж байгаа. Яам бас гэрээ цуцлах арга хэмжээ авна гэсэн. Өмнөх  ажил хоцорч байгаа, хоёр гурван ажил авчихаад тэрийгээ гүйцэд хийж чадахгүй  зүйлүүд гарсан. Энэ дээр нь бид тодорхой шаардлагыг хүргүүлээд, гэрээ цуцлах анхаарал сануулга өгснөөр ажлууд нэлээн сайжирч байна.

2019 онд ихэнх хөрөнгө оруулалтын тендерүүдийг орон нутагт шилжүүлсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дээр үлдсэн хоёр гурван тендер сураггүй болсон асуудал байгаа. Өгийнуурын дотуур байрны асуудал байна, одоо болтол шийд нь гарч хүн нь тодроогүй байна. Эрдэнэмандал, Хайрханы эмнэлгийн асуудал байна. Энэ асуудлууд нэлээд хоцорч байгаа. Бид эндээ тендер зарлаж байгаа учраас компаниудынхаа чадавхийг үзэж буцаж тэрэндээ шаардлага шахалт тавих, араас нь хөөцөлдөх ажлууд дээрээ өнгөрсөн жилүүдээ бодоход хяналт тавьж, шахаж ажиллаж байна. Захиалагчийн албаараа дамжуулаад нэлээд шахаж байна. Ирэх жилээс орон нутгийнхаа захиалагчийн албыг бэхжүүлэх, унаа машин тоног төхөөрөмжөөр хангах сайжруулах шаардлагууд зүй ёсоор харагдаж байна. Цаашдаа бид нар Хурлын тэргүүлэгчдээр ч ярьсан, Засаг даргын зөвлөлийн хурал дээр ч ярьсан, компанийн чадавх чадамжийн асуудлууд, ер нь орон нутгийн компанийг тендерт оруулж дэмжих гарцыг нээх ёстой гэж төлөвлөж байна даа.


-Б.Баясгалан /“Архангайн толь сонин/ -Хариуцлагын тогтолцоо гэснээс сар бүрийн 25-ны өдөр байгууллагын дарга нарыг хамруулсан шуурхайг зохион байгуулж байгаа. Үүний үр дүн нь хэр байна вэ?

-Бид сарын бүрийн 25-нд байгууллагын удирдлагуудын хэмжээнд шуурхай зөвлөгөөн зохион байгуулж байгаа, энэ ажлын үр дүн эхнээсээ харагдаж эхэлж байна. Сард хэд хэдэн байгууллагын илтгэлийг сонсоод, байгууллагуудад цаг үеийн чанартай үүрэг даалгавар өгдөг. Үүнийгээ эргээд хэрхэн шийдвэрлэсэн талаар тайлан авдаг. Ингэхээр хариуцлагын тогтолцоо сайжирч, аль аль талдаа ажилдаа хариуцлагатай  хандах эхлэл тавигдаж байна гэж үзэж байна.


-М.Бямбацогзол /”АВ” телевиз/: -Засаг дарга бүр бүрэн эрхийн хугацаандаа өөр өөр хөтөлбөрүүдийг боловсролын салбарт хэрэгжүүлдэг. Таны хувьд Ирээдүй 1+1, Багшийн хөгжил гээд хоёр дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийг харахад нэг талаараа зөвхөн спорт, урлагаар хэмжигдээд байгаа юм шиг харагдаж байна л даа. Яг эцсийн дүндээ боловсролын чанарт ямар үр дүн авчрах вэ?

-2016-2020 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чиглэлээр хоёр томоохон хөтөлбөр байгаа. Хөтөлбөрийнхөө хүрээнд 680 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутгийн зүгээс зарцуулчихаад байна. Гол нь багшийнхаа чадавх чадамжийг дээшлүүлэх, багшийг хөгжүүлэх, энэ хэмжээгээр сайн багшаас сайн шавь төрөх зорилготой. Дээрээс нь урлаг спортоор болоод бусад зүйлээр хичээллэж хүүхдүүд авьяас чадвараа илрүүлэх боломж бололцоог нь дэмжиж өгье гэсэн зорилгоор энэ хоёр хөтөлбөрийг бий болгосон. Энд нэлээд шинэчлэлүүд хийж байна. Ирэх жилийн Багшийн хөгжил хөтөлбөрийн цар хүрээг багш нар руу хандуулж, боловсрол, мэдлэгээ сайжруулах чиглэлд нь анхаарна. Багш нараа гадаадад туршлага солилцуулах чиглэлээр Тайвань руу магистрт суралцуулах гээд нэлээд зүйлүүдийг хийж байна.

Урлаг спортоор хүүхдүүдийн маань үзүүлж байгаа амжилт жилээс жилд үнэмлэхүй өсч байгаа. Гэхдээ бид урлаг спорт гэхээсээ илүүтэйгээр хүүхдийнхээ сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч байгаа. Өнөөдөр сурлагын түвшингийн асуудал нэлээн яригдаж байна. Ялангуяа ЭЕШ–ын чиглэлээр нэлээн шүүмжлэл дагууллаа. Энэ жил 20 дугаар байрт орсон. Сургалтын ерөнхий түвшин 2-3 жилд нэг унаад л буцаж өгсөөд л байна. 2012 оноос буюу 12 жилд шилжсэнээс хойших графикийг харахад тийм зүйл  харагдаж байна. Манайх 2017 онд 16-р байр руу , 2018 онд 13-р байр руу орсон. ЭЕШ-аар хүүхдүүдийн маань авч байгаа оноо нэлээн нэмэгдсэн. Энэ жил хүүхдүүдийн тоо цөөрсөн, зургаан хүүхэд авч байсан бол 3 хүүхэд 800 оноо авсан байна. Ингээд шалгалтын ерөнхий дундаж үнэлгээгээр 20-р байрт орсон. Энэ чиглэлээр боловсролынхоо салбарын мэргэжилтнүүд удирдлагуудтай уулзаж ярилцахад олон шалтгаан байгааг ярьж байна л даа. Хүүхдүүдийн тоо цөөрсөн, мөн нэг хичээлээр өндөр оноо аваад сургуулиа сонгочихдог байсан бол 2019 оноос эхлээд 2 хичээлээр өндөр оноо авч байж мэргэжил сонголт руугаа ордог ийм шалгуур бий болсон байна.

Гол нь шалтгаандаа бус сургалтын чанарыг сайжруулах, үр дүнтэй байлгах чиглэлээр ажиллах нь чухал байна. Ирэх жил бид засаж залруулах хэрэгтэй. Энэ чиглэлээр төлөвлөгөө гаргуулаад ажиллаж байна. Ирэх жил мянга гаруй хүүхэд төгсөхөөр байна. Шалгалтанд нь сайн бэлдэх, багш нарын мэдлэг чадварыг нь сайжруулж, чадавхжуулна. Бид нар сар сараар, улирал улирлаар төлөвлөгөө гаргасан. Багш нар маань бүгд л хичээж ажиллаж байна. Ганцхан Засаг дарга сайхан болгоё гээд болчихдог зүйл биш юм л даа. Боломж бололцоог нь бий болгох чиглэлээр миний зүгээс ч бас ажиллаж байна. Ялангуяа амжилт гаргасан хүүхдүүдээ, багш нараа урамшуулах арга хэмжээг авч байна. 5 ухагдахуунаар жил болгон тодорхой уралдаан явуулдаг. Эхний байрт орсон багш нарыг Солонгос явууллаа, тусгай байр эзэлсэн багш нараа Улаан-Үд рүү амраалаа. Дээрээс нь шагналт 2-3-р байрт орсон багш нартаа хэрэглэгдэхүүнээр урамшууллаа. Сургууль, багш нарынхаа орчныг сайжруулахад компьютер, тоног төхөөрөмж шахдаг биш, өөрсдөө хэлэлцээд шийдчихсэн зүйлд тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлж байя гэсэн зорилго тавьсан.


-Б.Мандуул /”АВ” телевиз/: -Эрүүл мэндийн салбарт шинэ технологийг хэр нэвтрүүлж байна. Түүн дээр ажиллах боловсон хүчнээ хэр бэлтгэж байна. Албаны хүнээс сонссон, манай аймаг бол сититомографикийн аппаратгүй цөөн аймгуудын нэг гэж байна. Асуудал эрхэлсэн газар нь саналаа оруулж ирэхгүй байна уу, хэрэгцээ шаардлага нь их л байдаг юм шиг байна лээ. Та энэ дээр хариулт өгөхгүй юу?

-Эрүүл мэндийн салбар бол амин чухал салбаруудын маань нэг. Дөрвөн жилд нэлээдгүй ажил хийлээ гэж бодож байгаа. Гурван гишүүндээ бас баярлаж байгаа. Элэгний эмгэггүй Архангай гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр элэгний хорт хавдар гэх айхтар өвчнөөс олон хүнийг эрүүлжүүлж урьдчилан сэргийлж чадлаа. Бид 2400 хүнийг элэгний С вирусээс бүрэн эмчиллээ. 90 гаруй хувь нь эмчлэгдэж байна. Дээрээс нь урьдчилан сэргийлэх оношилгоо шинжилгээ хийснээр хавдартай болоод цаашаа явах боломжтой, тэрийгээ мэдээгүй байсан 39 хүн шинжилгээнд ороод эмчилгээ хийгдээд явж байна. Цаашид энэ ажлууд үргэлжлээд явна. Өнөөдөр Япон, Хятад, Вьетнам, Энэтхэг гээд хэчнээн хөгжилтэй улсууд ч ийм үр дүнтэйгээр богино хугацаанд шийдэж чадаагүй юм байна лээ. Дээр нь Архангай аймаг дурангийн хагалгааны чиглэлээр Францад эмч нараа сургасан. Дотооддоо бас сургасан. Өнөөдөр хэвлийн хөндий болоод эмэгтэйчүүдийн хагалгааг хоёр дурангаар зэрэг хийж байгаа. Дээрээс нь бөөрний дутагдалтай хүмүүсийн хоёр ортой тасаг нээгдсэнээр эндээ байнгын аппаратдаа ороод байх боломжийг нээж өглөө.

Эмч нарт гар доорх багаж хэрэгсэл дутмаг байдаг. Даралт үзэхээс авахуулаад нарийн мэргэжлийн нүд, чих хамар хоолой, зүрхний бичлэгийн гээд ойр зуурын аппарат дутмаг байсан. Үүнийг орон нутгийнхаа түвшинд шийдэж өгч байгаа. Унаа машины хувьд ч Нэгдсэн эмнэлэгт нэг машины асуудлыг шийдсэн. Энэ жил бас тусгай зориулалтын машиныг шийдэж өгнө. Хүнд өвчтөнөө тээвэрлэх бүрэн тоноглолтой. Технологийн шинэчлэлүүдийг нэлээд хийж байгаа. Энэ хэмжээнд эмчилгээний үр дүн гарч байх шиг байна.

Манайх томографикгүй цөөхөн хэдэн аймгийн нэг. Ойрын 2-3 жил энэ асуудлыг байнга ярьж байгаа. Гурван гишүүнтэйгээ нийлээд. Энэ жил Ё.Баатарбилэг сайд маань ч бас нэлээн дэмжиж ярилаа. Эмнэлгийн өргөтгөлийн асуудал яригдаж байгаа. Ерөнхийдөө Хэнтий аймагт баригдсан шиг эмнэлгийг Архангай аймагт шинээр барья гээд газрынх нь асуудлыг орон нутагт шийдээд өглөө. Тэгэхээр энд одоо нэлээд томоохон хэмжээний өргөтгөл орж ирнэ. Тэгэхээр нөгөө томографик байрлуулах өрөө савны асуудал ч давхар шийдэгдэнэ. Томографикийг давхар шийдүүлье гээд энэ оны төсөв дээр тусгуулахаар саналаа өгчихөөд явж байна.


-Б.Гэрэлт-Од /МОНЦАМЭ агентлаг/: Эх нярайн эндэгдлийг бууруулах чиглэлээр жирэмсний хяналтыг сайжруулах ажлыг эхлүүлчихсэн байгаа. Энэ ажлын явц, үр дүн хэр байгаа вэ?

-Эх хүүхдийн эндэгдлийн асуудлаар Архангай аймаг нэлээн хойгуур явж ирсэн. Энэ асуудлаар өнгөрсөн хавар зөвлөгөөн явуулсан. Сум болгоны эх баригч, ЭМТ-ийн эмч нар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар, ЭМГ-ын мэргэжилтнүүдтэйгээ хамтраад нэлээн зүйлүүдийг ярьсан. Эх хүүхдийн эндэгдэл гол гарч байгаа шалтгаан юу байна гэхээр хяналтын асуудал сул, эхчүүд хяналтад орохгүй байгаа, ялангуяа Улаанбаатарт ч юмуу, өөр суманд оччихдог, тэгээд тэндээ хяналтад ордоггүй. Тэгээд байж байгаад л гэнэтхэн төрөх болоод л янз бүрийн хүндрэл үүссэн асуудлууд бий болдог юм байна. Эхний ээлжинд эх баригч эмч нар болоод сумын, багийн эмч нар гээд нийтдээ 101 эмчид сар болгоных нь утасны 10,000 төгрөгийн нэгжний асуудлыг шийдэж өгсөн. Хэчнээн өөр аймаг, суманд байлаа ч гэсэн тийм хугацаанд очиж үзүүл, тэнд үзүүл гээд холбогдоод, за манай хүн танай хяналтад орох ёстой, энд явж байна гээд холбоо бариад. Ингээд ирэхээр хяналтын асуудал нэлээн сайжраад явж байна.

Дээрээс нь улс орны хэмжээнд бас нэг хүнд байгаа асуудал бэлгийн замын халдварт өвчин, ялангуяа тэмбүү өвчний асуудал нэлээн яригдаж байна. Энэ дээр ч гэсэн Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэндийн яам дорвитой арга хэмжээнүүд авч эхэлж байна. Аймгийнхаа зүгээс энэ өвчнийг огцом бууруулах, цаашдаа байхгүй болгох чиглэлээр нэлээн ажлуудыг зохион байгуулж, хөрөнгө хүчийг ирэх онд гаргая гэсэн зорилготой байгаа.


-Б.Мандуул /”АВ” телевиз/: -Гадаад хамтын ажиллагааны үр дүнгийн тал дээр та ямар үнэлэлт дүгнэлттэй явдаг вэ?

-Гадаад хамтын ажиллагааг сайжруулах, өргөжүүлэх чиглэлээр нэлээн ажиллалаа. Тайвань улсад хүүхдүүдээ болоод багш нараа сургах чиглэлээр санамж бичиг зурсан. Эхний үр дүн гараад, түрүүчийн хүмүүс энэ жилээс явж байна. Солонгос улсын Каванду мужтай хамтын ажиллагаатай болъё гээд саналаа явуулчихсан. Энэ чиглэлээр Солонгосын Элчин сайдын яаманд саналаа тавиад уулзалт товлосон. Сая манай аялал жуулчлалын намрын зөвлөгөөн уулзалт боллоо. Энэ уулзалт дээр Солонгос улсын Ерөхийлөгчийн зөвлөх бөгөөд Тэбү хотын Монгол Улсын соёл хариуцсан хүн ирсэн. Тэр хүн “Та нар Каванду гэхээс илүү бас Тэбү хоттой харилцаа холбоо тогтоож, аялал жуулчлалын чиглэлээр, ялангуяа хог боловсруулах технологийн чиглэлээр бид нартай хамтарч ажиллах боломж бололцоо байна” гэсэн санал тавьсан. Тэгэхээр бид нар ойрын хугацаанд гадаад харилцаагаа энэ чиглэлээр өргөжүүлэх боломжтой байна.

Каванду муж аялал жуулчлалын томоохон бүс юм байна лээ. Энэ аймагтай хамтрах хоёр дахь гол томоохон зүйл ажиллах хүчнээ Солонгос руу гаргах. Монгол Улс жилд 2100-аад хүн гаргах гэрээтэй байдаг юм байна. Хөдөлмөрийн зах зээл дээр. Гэхдээ манайх 1300-г л гаргадаг гэж байна. Бас нөгөө компани нь сонгох сонгохгүй, хэлний бэрхшээл зэргээс шалтгаалаад үлддэг бололтой юм байна л даа. Тэгэхээр энэ дотроос танайх 100 юмуу 200 хүний гэрээ хийгээд, нөгөө хүмүүсийнхээ хэлний сургалт болоод тэр орчин нөхцөлд хэрхэн дасах чиглэлийн  сургалтыг аймагтаа зохион байгуулаад, иргэдээ гаргах  боломж нээгдэж байгаа юм. Ойрын хугацаанд Кавандугийн удирдлагуудтай биднийг уулзуулъя гэсэн.

Юньань мужийн хамтын ажиллагаа 2015 оноос эхэлсэн. Одоо жил болгон 20-иос доошгүй хүүхэд тэтгэлгээр сурч байна. Дээрээс нь бид соёлын хамтын ажиллагаануудыг хэрэгжүүлж байгаа. Үүнийгээ цааш нь нэлээн өргөжүүлээд явж байгаа. Хамтын ажиллагаандаа бидний тавьж байгаа гол зорилго технологийн талын шийдлүүдийг хамтарч хийе, хамтарч ажиллая гэж төлөвлөж байна даа.


-Б.Мандуул /”АВ” телевиз/: Рашаан усны нөөцийг тодорхойлох асуудлууд нэн тэргүүний шаардлагатай болсон байна. Сая Цэнхэрийн халуун усан дээр Сав газруудын захиргаа чууллаа шүү дээ. Эндэхийн жуулчны баазуудын даац нь хэтэрчихсэн байна гэж байна. Нөөцөө тодорхойлохгүй бол тэнд замбараагүй газар олголт явуулчихсан байна. Та ч үүн дээр нэлээд ажиллаж байгаа юм байна лээ. Ихтамир, Тариат, Өгийнуур, Хоршооллын халуун рашаан гээд цогцоор нь нөөцийг нь тодорхойлох дээр ямар бодлого баримталж байна вэ?

-Архангай аймаг чинь өөрөө рашаан ус дагасан аялал жуулчлал хөгжсөн аймаг. Цэнхэрийн халуун усны хувьд өнгөрсөн жил газрын харилцаанаас хүн гаргаж, газар олголтын асуудлууд дээр үнэлэлт дүгнэлт өгсөн. Энэ чиглэлээр сумын Засаг дарга алдаа завхралыг залруулах, хуулинд нийцүүлэх үүрэг авсан. Өнгөрсөн онд рашаан усны даацыг тогтоох, экологийн үнэлгээ хийх ажлыг орон нутгийн хөрөнгөөр хийсэн. Тэрний дүнд өнөөдөр Цэнхэрийн халуун усны даац хэтэрсэн байна. Мөн томоохон рашаанууд байж байна, Хадат, Мухар хужирт гээд экологийн хүнд байдалд орсон байна. Өнөөдөр рашаанаа тойроод шаваад буучихсан, тэрний бохирдлоос авахуулаад, нөгөө бидний рашаан гээд байгаа зүйл чинь хөрсөөрөө буцаад бохирдох бүх нөхцөл боломж бүрдчихсэн, бас дээрээс нь тэнд очиж байгаа хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учраас даац ихэдсэн байсан. Тэгээд Хадат, Мухар хужиртын рашаанаас эхлүүлж байна. Хадатын рашааныг гэхэд 500 метр суурьшлынх нь бүсийг буулгаж татуулсан. Ингэснээрээ рашаан руугаа орох бохирдлыг багасгаж, эмх цэгцтэй болгож байгаа. Хоёрдугаарт тэр орчныг хариуцаж байгаа иргэд, нөхөрлөл байгаа учраас ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдэж өгсөн. Хадат, Мухар хужиртын рашаанд 20 ариун цэврийн байгууламжийн асуудал шийдсэн. Сая би очиж үзлээ. Ашиглах талаасаа жаахан дутагдалтай зүйлүүд байх шиг байна. Ирэх жилээс энэ асуудлууд жигдрээд явна. Мухар хужиртын рашааныг ч гэсэн ирэх жилээс доошлуулна. Ингээд рашаанаа бохирдуулахгүй, хуучин экологийнхоо түвшинд байлгахаар рашаанаа хайрлаж хамгаалдаг, зөв зүйтэй ашигладаг хэлбэр рүү орох юм.


-Х.Цэвэгмэд /”Архангайн толь” сонин/: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих тал дээр юу хийсэн бэ? Эмэгтэйчүүдийг бас үзүүлэх өрөө тохижуулж өгнө гэсэн энэ асуудал яагаад одоо болтол шийдэгдэхгүй байгаа юм бол?

-Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо маань өөрөө их сайн ажилладаг. Ерөнхийдөө Монгол Улсдаа нэлээн гайгүй зохион байгуулалттай болчихсон холбоо юм байна лээ. Одоо байгаа байрны хувьд халаалт, цахилгаан гээд жилд 25-30 сая төгрөгийг та хариуцаад явна гэвэл танайд үлдээе, тэгэхгүй гэвэл зах зээлд борлуулахаас аргагүй гэдэг саналыг надад тавьсан. Тэр дагуу нь ямар ч байсан зардлын асуудлыг жилээс жилд шийдээд явж байгаа. Дээрээс нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань санал тавьсан. Зөвлөл ажиллахад тодорхой зардлууд байна, сургалт хийх, хүмүүсээ урамшуулах гээд үүнд хэдэн төгрөг шийдэж өгөөчээ гээд би жилд 9 сая төгрөг шийдэж өгч байгаа. Энэ хэмжээгээр зөвлөлийнх нь үйл ажиллагаа тодорхой хэмжээнд тогтвортой байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр янз бүрийн санал гардаг. Төрөхийн үзлэгийн ор гэсэн тэр асуудлыг нь судлаад Худалдан авах ажилллагааны газарт хөрөнгийг нь шийдээд өгчихсөн. Үүнийг би ойрын хугацаанд тодруулаад өгье. Би энэ асуудлыг хийгээд явж байгаа гэж ойлгосон.


-О.Амарзаяа /”Архангайн амьдрал” сонин/: -Иргэдтэйгээ уулзах цаг завыг та хэр гаргаж байгаа вэ? Жишээ нь өмнө нь утсаар иргэдийн саналыг авдаг утас, төв ажиллаж байсныг санаж байна. Тэгэхээр тийм байдлаар авч байна уу, таны үүдэнд иргэд хэр хүлээж байна. 7 хоногийн хэд дэх өдөр уулзаж байна. Хөдөөгүүр бол улирлын чанартай ажилд ч юмуу тойроод явж байна. Аймгийн төвд иргэдтэй уулзах ажлын ачаалал хэр үүсч байна?

-Ер нь анхнаасаа нэг өдөр гаргаад уулздаг байсан байна, аймгийн дарга нар. 4 дэх гэдэг юмуу, 5 дахь гэх ч юмуу, 1 өдөр гаргаад уулздаг байсан. Нэг өдөр гаргах чинь хэцүү юм байна лээ. Иргэд нэг л өдөр асуудлаа ярих гээд ирэхгүй шүү дээ. Хүний л амьдрал болсон хойно хэдийд ч надад хандах хэрэгцээ шаардлага гарна. Тиймээс өдөр болгон үдээс хойш 16 цагаас хойш иргэд хүлээж авч байгаа. Аль болох иргэдээ чирэгдүүлэхгүйн тулд хурал зөвлөгөөний зав зайтай үед ирсэн болгоныг нь хүлээж авч уулзаж байгаа. Энэ жил төрийн үйлчилгээний жил болгосонтой холбогдуулан одоогоор 12 сумынхаа баг болгонд хүрч ажилласан. Төрийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, Нийгмийн даатгал, Соёлын, эрүүл мэндийн гээд бүх чиглэлээр хүрч ажиллалаа. 

 

Холбоотой мэдээ