Хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох шийдвэр хэрэгжихгүй байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-10-31 17:37:34

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2019 оны 268 дугаар захирамжаар ААНБ-уудын  ажилтнуудад хүүхдийнх нь төрсөн өдрөөр нэг удаагийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэсэн. Гэвч энэ захирамж хэрэгжихгүй байна гэж аймгийн ГБХЗХГ-аас мэдэгдлээ.

Энэ талаар аймгийн ГБХЗХГ-ын дарга О.Балжинням хэлэхдээ, "Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн зөвлөгөөнийг өнгөрсөн хавар аймгийн хэмжээнд хийсэн. Уг зөвлөгөөнөөс дээрх санал гарч, улмаар аймгийн Засаг дарга дэмжиж захирамжаа гаргасан. Захирамж гарсан даруйд бид бүх сумын удирдлагуудад албан бичгийг хүргүүлж, Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Гэвч энэ захирамж хэрэгжихгүй байна. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, бат бөх байдлыг хадгалах цаашлаад тухайн байгууллагын ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлөх гээд уг нь энэ шийдвэр гэр бүл рүү чиглэсэн маш зөв ажил гэж харж байгаа.

Бидний хяналт шалгалтаар сум орон нутгийн удирдлагууд захирамжийн талаар ажилтнууддаа болон бусад байгууллагуудад мэдээлэл огт өгөөгүй байна. Ердөө хэдхэн сумын Засаг дарга захирамж гаргасан ч энэ нь цаасан дээрх бичиг төдий. Уг нь бүх сумын Засаг дарга нар өөрсдийн хэмжээнд захирамжаа гаргаад түүнийг нь үндэслэн ААНБ-ын дарга удирдлагууд тушаалаа гаргах ёстой. нөгөө талаар мэддэг ажилтнууд нь шаардлагаа удирдлагадаа болоод манай байгууллагад санал гомдлоо илэрхийлж чадахгүй, нэг үгээр хэлбэл даргынхаа эсрэг гомдол гаргаж болохгүй гэсэн айдастай байна гэж бид дүгнэж байгаа. Тиймээс манай байгууллагаас аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулах тал дээр онцгойлон анхаарч ажиллахаар төлөвлөж байна гэв. 

Холбоотой мэдээ