Таалал төгссөн хэдий ч хамгийн өндөр орлоготой алдартнаар Майкл Жексон дахин тодорчээ

Дэлхийд | Соёл урлаг
Jargal.d@montsame.mn
2019-10-31 16:16:07

НЬЮ-ЙОРК. /Forbes/. Америкийн “Forbes” сэтгүүлээс гаргадаг таалал төгссөн хэдий ч хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтыг Майкл Жексон тэргүүлжээ. Тус сэтгүүлийн цахим хуудсанд мэдээлснээр, тэрбээр 2019 онд 60 сая ам.долларын “орлого олсон байна”.


“Дэлхий дахинаа “попын хаан” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн түүний тухай сөрөг мэдээлэл гарсаар байгаа боловч түүний дуунуудыг АНУ-ын стримингийн үйлчилгээнүүдээр сонсох нь нэмэгдсээр байна. “Mijac Music” цомгийн борлуулалт, Лас-Вегасын шоу болон “Sony” компанитай байгуулсан урт хугацааны гэрээнээс олсон ашгийн ачаар тэрбээр таалал төгссөн хэдий ч хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтыг долоо дахь жилдээ тэргүүлж байна” гэж “Forbes” сэтгүүлд онцлон тэмдэглэжээ.


Жагсаалтын хоёрдугаарт, рок-н-роллын хаан Элвис Пресли /39 сая ам.доллар/, гуравдугаарт, Америкийн шог зураач Чарльз Шульц /38 сая ам.доллар/ орсон байна. Жагсаалтад нийтдээ 13 алдартан багтсаны 9 нь хөгжимчин ажээ.


Холбоотой мэдээ