Уул уурхайн залуус инновацын давалгааг үүсгэлээ

Монголын мэдээ | Уул уурхай
192@montsame.mn
2019-10-31 13:44:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Залуу инженерүүдийн үндэсний чуулган” 11-р сарын 5-нд Төрийн ордонд болно.

Үүний урьтал болгон уул уурхайн салбарын 180 гаруй залуу залуу инженер өнөөдөр “Новотел” зочид буудалд чууллаа. Энэ талаар гол зохион байгуулагч байгууллага, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн уул уурхай, техник технологийн газрын захирал Б.Элбэгзаяагаас тодруулбал, “Өнөөдөр бид “Уул уурхайн салбарт залуучуудын оролцоо” сэдвийн дор хүн байгалиа дээдэлсэн өндөр бүтээмжтэй технологийг Монголдоо авчиръя хэмээн чуулж байна.

Мэдээлэл технологийн шинэ эрин зуун болон аж үйлдвэрийн шинэ хувьсгалд монгол инженерүүдийн оролцоо, ялангуяа залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, Монгол Улсын хөгжилд оруулах хувь нэмрийн талаар хэлэлцэж байна” гэв.


Тэрээр, “Шинэ санаанаасаа аваад үйлдвэрлэлд нэвтрэх, шилдэг болж өргөжих хүртэл инженерчлэлийн арга барил, шинэ санаа санаачилгыг өөгшүүлэн хөхиүлэн дэмжихийг зорьж ийм шинэ давалгааг үүсгэж байна. Энэ талаар төр, засаг бас анхаараасай гэдэг үүднээс бид мөн салбараа төлөөлөн “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ыг хийх гэж байна. Манай салбарын хувьд энэ бол анхных юм. Залуучууд өөр өөрийн төсөл дээр шинэ технологи, инновац нэвтрүүлж буй талаар санал солилцож, туршлагаа хуваалцаж байна” гэв.


Өнөөдрийн чуулганд “Оюутолгой” ХХК-ийн менежментийн системийн зөвлөх Ч.Дэлгэрмаа тус компани дээр “Аюулыг таниулах төв” ажиллаж буйг танилцуулсан бол ахлах инженер Э.Төгөлдөр уул уурхайн салбарт дроныг ашиглаж буй туршлагаасаа оролцогч залуустай хуваалцлаа. Мөн “Багануур” ХК-ийн Судалгаа, хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн М.Шаравдорж уурхайн хутгагч шанага үйлдвэрлэх инновацын төслөө танилцуулсан бол “МАК” ХК-ийн Технологийн судалгааны төвийн судлаач инженер Х.Тамир “Жоншны хүдрийн үндсэн платацийн горимыг математик туршилт-төлөвлөлтийн аргаар оновчтой хэрэглэх” талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.


Чуулганд "Багануур", "Шивээ-Овоо", "Оюутолгой", "Эрдэнэс Монгол" зэрэг уул уурхайн голлох ААН-ийн төлөөлөл оролцож байна. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнэ, УУХҮЯ-ны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нар оролцож үг хэлэхдээ салбартаа тэргүүлэх залуу инженерүүдийн үйлсэд амжилт хүслээ.  

Манай улсын уул уурхайн салбарт 8000 орчим инженер техникийн ажилтан ажиллаж байна.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ