Монгол циркчид А зэрэглэлийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

Монголын мэдээ | Соёл урлаг
ulzii@montsame.mn
2019-10-31 13:17:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Учао хотноо олон улсын “А” зэрэглэлийн циркийн жүжигчдийн тэмцээн 10 дугаар сарын 25-30-нд 17 дахь удаагаа амжилттай болж Монголын циркчид мөнгөн цом хүртжээ.


Хоёр жил тутамд зохион байгуулдаг тус тэмцээнд дэлхийн 18 орны циркийн жүжигчид оролцсон байна. Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчид шааригтай акробатын үзүүлбэрээр ийнхүү мөнгөн цомын эзэд болов. Тэд Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургуулийн 21 дахь төгсөлтийн залуу жүжигчид бөгөөд үзүүлбэрийн нь багшаар Х.Ганболд, продюсер Н.Эрдэнэ нар ажиллажээ.


Энэ уран бүтээлээрээ 2019 онд  олон улсын дөрвөн тэмцээнд оролцож нэг алт, гурван мөнгөн цом хүртсэн байна. Тус төвийн циркийн жүжигчид энэ тэмцээний дараа 11 дүгээр сард Франц улсад болох “Grenoble”-д, ирэх оны нэгдүгээр сард “Massy” олон улсын циркийн уран бүтээлчдийн тэмцээнд оролцох талаар продюсер Н.Эрдэнэ мэдээллээ.


Холбоотой мэдээ