“Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк” аян Увс аймагт үргэлжилж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-10-31 10:37:50

Увс /МОНЦАМЭ/. Монголбанкнаас санаачлан орон даяар хэрэгжүүлж буй “Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк” аяны хүрээнд аймгийн ард иргэд, оюутан сурагчдад эдийн засгийн мэдлэг түгээх сургалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан байна.

Төв банкны эдийн засгийн сургалт судалгаа, олон нийтийн мэдээлэл хариуцсан мэргэжлийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг Увс аймагт ажиллаж, Хөдөлмөрийн дээд сургуулийн болон Улаангом Политехник коллежийн оюутан залуус, аймгийн төрийн албан хаагчид, банкны салбарын ажилтнуудыг хамруулсан байна. Энэ үеэр дэлхийн болон Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, Төв банкны үйл ажиллагаа, хуримтлал хадгаламжийн ач холбогдол, санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хууль эрх зүйн тогтолцоо зэрэг өргөн хүрээтэй сэдвээр мэдээлэл өгчээ.

Энэ оны 12-р сарыг дуустал үргэлжлэх тус аяны хүрээнд Увс аймаг дахь Монголбанкны салбараас иргэд, санхүүгийн хэрэглэгчид, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдад мэдээ мэдээлэл хүргэх, хэлэлцүүлэг явуулах зэрэг ажлыг хийх юм байна.

Холбоотой мэдээ