Хүний тархинаас итгэл үнэмшил, уучлал өршөөлийг хариуцдаг хэсгүүдийг олжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-10-30 15:17:40

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн эрдэмтэд хиймэл оюун ухааны арга хэрэгслийн нэг төрөл болох “machine learning” системийн тусламжтайгаар шударга ёс, сүсэг бишрэл эсвэл ёс зүй гэх зэрэг янз бүрийн хийсвэр ойлголтыг ойлгох үүрэгтэй тархины хэд хэдэн хэсгийг олжээ. Нейрофизиологичдын судалгааг шинжлэх ухааны “Cerebral Cortex” сэтгүүлд нийтэлсэн байна.


“Хүн бол бодит ертөнцөд адилтгачихмаар зүйл байдаггүй хийсвэр ойлголтыг бий болгох гайхалтай чадвартай. Бид хүний тархинд тэдний үнэт зүйлийг тодорхойлоход тусалдаг номын сангийн каталог шиг ажилладаг систем байгааг судаллаа” гэж судалгаанд оролцсон эрдэмтдийн нэг болох АНУ-ын Карнеги-Меллон их сургуулийн профессор Марцел Юст ярьжээ.


Нейрофизиологичид хүний тархины хальс, гүн давхаргуудын аль хэсэг нь нийгмийн янз бүрийн хэлбэрүүдийг эсвэл нийгмийн эсрэг зан байдлыг хариуцдаг болохыг сүүлийн 10 жилийн турш судалсан байна. Тухайлбал, 2013 онд тэд магнайн урд талын тодорхой хэсэг нь хүнийг нийгмийн хэм хэмжээг дагаж мөрдөхөд хүргэдэг "дуулгавартай байдлын төв" -ийн үүрэг гүйцэтгэдэг болохыг олж тогтоожээ.


Хожим нь Швейцар болон Америкийн эрдэмтэд магнайн урд талын давхаргын дээд хэсэгт “шударга байдлын төв”-ийг олж чаджээ. Тархины бусад хэсэгт мөн эрсдэл, шашны зан байдал болон бодит ертөнцөд адилтган зүйрлэх зүйл байдаггүй бусад нарийн төвөгтэй ойлголтуудтай холбоотой хэсгүүд байдаг болох нь тогтоогдсон байна.


Юст болон түүний багийнхан тархи нь бие даасан бус хийсвэр ойлголтыг хэрхэн боловсруулдаг, яаж ялгадаг, хэрхэн харьцуулж, ерөнхийд нь хэрхэн хянадаг болохыг олон жилийн турш ойлгохыг хичээжээ. Саяхан түүний баг соронзон резонансын дүрслэл болон “machine learning” системийг ашиглан хүний хийсвэр сэтгэлгээний эдгээр зарчмыг нээн илрүүлэхэд томоохон алхам хийжээ.


Холбоотой мэдээ