Ливаны Ерөнхий сайд огцорч буйгаа мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЕЙРУТ. /BBC/. Ливаны Ерөнхий сайд Саад Харири мягмар гарагт ард түмэндээ хандаж үг хэлэхдээ огцорч буйгаа мэдэгджээ.
Ливанд олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа хоёр долоо хоног үргэлжилж байгаа юм. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид авлигатай бодитоор тэмцэх, нийтийн үйлчилгээг сайжруулах, улс төрийн тогтолцоог өөрчлөх, мөн Харириг огцрохыг шаардсан байна.
Ямар нэг зохион байгуулагчгүйгээр аяндаа эхэлж, бүх бүс нутгийг хамарсан энэхүү эсэргүүцлийн ажиллагаа нь улс төрийн тогтолцоо, олон нийтийн хөдөлгөөнүүдийн аль аль нь уламжлалт шашин шүтлэгт суурилсан байдаг Ливан улсын хувьд энгийн бус зүйл байв.
Эсэргүүцлийн жагсаал аравдугаар сарын 17-нд Засгийн газрын татварын бодлогыг тодруулбал, WhatsApp болон бусад мессенжерээр дамжуулан дуудлага хийхэд сард 6 ам.долларын татвар ногдуулах шийдвэр гаргасныг эсэргүүцсэнээр эхэлжээ. Хэсэг хугацааны дараа Ливаны эрх баригчид шийдвэрээ хүчингүй болгосон боловч эсэргүүцлийн ажиллагаа намжаагүй байна.