Монгол, Шведийн эрдэмтдийн хамтарсан судалгааны үр дүнг танилцуулав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-10-29 13:51:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Шведийн Хаант Улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан соёлын өдрүүд энэ сарын 28-31-нд Улаанбаатар хотноо болж байна. Энэ хүрээнд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, Шведийн Байгалийн түүхийн музейн эрдэмтдийн хамтарсан судалгааны үр дүнг танилцуулав.  


2017 оноос ШУА-ийн палеонтологийн хүрээлэн, Шведийн Байгалийн түүхийн музей хамтарсан судалгаа явуулах гэрээ байгуулжээ. Үүний дагуу 2017-2018 онд Говь-Алтай аймгийн Жаргалан, Тайшир, Шарга, Баян-Уул сумын нутаг Хасаг хайрханы нуруунд, энэ онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Эгийн голын эрэг, Хатгал тосгон, Хөвсгөл нуурын эрэг Хэсэн голын хавцал зэрэг урьдкембри-кембрийн 660-542 сая жилийн настай олдворт газруудад судалгааны ажил хийжээ.

“Дэлхийд амьд организм анх бүрэлдэж үүсэж байсан ул мөр нь Монголын нутагт хадгалагдаж үлдсэн. Шведийн Байгалийн түүхийн музейтэй хамтран ажиллаж буй судалгааны чиглэл нь урьдкембри-кембрийн настай хурдаст судалгаа хийж байна. Одоогоос 660-542 сая жилийн хурдас чулуулагт судалгаа хийсэн. Энэхүү судалгаагаар Монгол орон дахь урьдкембри-кембрийн хил заагийг Жижиг хавтаст амьтдын үлдвэр болон изотопийн шинжилгээгээр насыг нарийвчлах, манай гарагийн хамгийн эртний амьд организмын амьдралын орчин, тухайн цаг үеийн уур амьсгалыг тогтоох зорилгоор судалсан” хэмээн ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Алтаншагай ярилаа.


Шведийн Байгалийн түүхийн музейн Палеобиологийн салбарын эрхлэгч, доктор, профессор Вива Ваяда хэлэхдээ, “Монгол бол палеонтологийн олдвор болон үлэг гүрвэлийн олдвороор маш баялаг орон. Монгол, Шведийн эрдэмтдийн хамтын ажиллагааг шинжлэх ухаан болон палеонтологийн түвшинд маш өөдрөгөөр үнэлж байгаа. Учир нь Монголоос эх газрын гаралтай буюу хуурай газрын амьтдын чулуужсан олдвор маш их олддог. Харин Шведээс хуурай газрын амьтад гэхээсээ илүү далайн амьтад маш их олддог. Тиймээс Монголд хийсэн хээрийн судалгааны олдворуудыг Шведэд аваачин нарийн тоног төхөөрөмжөөр судалснаар цаашид  шинжлэх ухаанд дорвитой үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Хамтарсан төслийн хүрээнд хоёр залуу судлаач Шведийн талын хөрөнгөөр тус улсын Байгалийн түүхийн музейд хоёр сарын хугацаатай ажиллан, өөрсдийн дээж материалыг орчин үеийн багаж, тоног төхөөрөмж дээр боловсруулах арга ажиллагаанд суралцан туршлага хуримтлуулсан байна.

Энэхүү төсөл дөрвөн жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд цаашид өргөн салбарт хамтран ажиллахаар төлөвлөжээ.


Холбоотой мэдээ