Хятадын Коммунист намын нэгдсэн хурлаар улс орны удирдлагыг сайжруулах асуудлыг хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Коммунист намын /ХКН/ 19 дэх сонгуулийн Төв хорооны /ТХ/ дөрөвдүгээр бүгд хурал Бээжин хотноо өнөөдөр эхэлж байна. Уг хурлын үеэр нам-төрийн удирдлагыг сайжруулах асуудалд гол анхаарлаа хандуулна гэж тус улсын төв телевиз мэдээллээ.
ХКН-ын ТХ дөрөвдүгээр бүгд хурлыг энэ сарын 28-наас 31-ны хооронд зохион байгуулах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гаргажээ. “Энэ удаагийн нэгдсэн хурлаар Хятадын онцлогтой социализмын тогтолцоог хэрхэн сайжруулах, иж бүрэн шинэчлэлийг гүнзгийрүүлэх нийтлэг зорилгод үндэслэн удирдлагын тогтолцоог шинэчлэх асуудлыг хэлэлцэнэ” гэж Хятадын төв телевизийн мэдээлэлд дурдсан байна. Хаалттай явуулах хурлын үеэр мөн өмнөх нэгдсэн хурлаас /2018 оны хоёрдугаар сар/ хойш хийсэн ажлын тайланг хэлэлцэхээр төлөвлөжээ.
ХКН-ын ТХ-ны өмнөх гурван нэгдсэн хурлын үеэр намын удирдлагын чанарыг сайжруулах, авлигатай тэмцэх, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
“Дөрөвдүгээр нэгдсэн хурлаас Хятад улс өндөр хурдацтай хөгжлөөс өндөр чанарт тулгуурласан хөгжилд шилжиж буй үед шинэ эриний хөгжлийн хэрэгцээг илүү өндөр түвшинд хангахын тулд Хятадын тогтолцоо, удирдлагын боломжийг сайжруулах шинэ арга хэмжээнүүдийг танилцуулах төлөвтэй байна” гэж “China Daily” сонин даваа гарагт мэдээлжээ.
Нэгдсэн хуралд оролцогчид мөн БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгийн эргэн тойронд үүссэн асуудлыг хөндөнө гэж шинжээчид үзэж байгаа аж. Түүнчлэн АНУ-тай хийж буй худалдааны хэлэлцээний явцын талаар, Хятадын ашиг сонирхлыг хөндсөн олон улсын өөр томоохон асуудлуудыг хэлэлцэж магадгүй байна.
Холбоотой мэдээ

