Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцын хэрэгжилтийг хэлэлцэв

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-10-28 14:15:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны 3-р улирлын байдлаар, уул уурхайд 50 осол гарч, 18 хүн бэртэн 12 хүн амиа алджээ.

Уул уурхайн үйлдвэрлэлийн ослын тэн хагаст нь хүний амь эрсэдсэн, хүнд ослууд байгааг зайлшгүй анхаарах ёстойг Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооноос өнөөдөр зохион байгуулж буй зөвлөгөөн дээр онцолж байв.

“Дээрх байдал нь манай улсад Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын уурхай дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 176-р конвенцын хэрэгжилтийг хэлэлцэхэд хүргэж байна. Осол, аюул эрсдэлээс сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахад тухайн салбарын ажилчин, ажилтнуудыг оролцуулахаас гадна, урьдчилан сэргийлэх ажилд ажил олгогч, ҮЭ, ажилчид зэрэг тал хамтран ажиллах шаардлага тулгарч байна. Ингэхгүйгээр аюул осол буурахгүй” гэж МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.


Уул уурхайн салбар дахь ХАБЭА-н тухай ОУХБ-ын 176-р конвенц уул уурхайн осол аюулаас сэргийлэхэд олон талын оролцоог хангахад чиглэдэг байна. 1995 онд баталсан тус конвенцид Монгол Улс нэгдэн орох талаар салбарын хамтын хэлэлцээр болон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрүүдэд удаа дараа тусган ирсний хүчинд манай улс уг конвенцыг 2015 онд соёрхон баталж нэгджээ.

Уул уурхайн салбар дахь ХАБЭА-н тухай ОУХБ-ын 176-р конвенцыг хэрэгжүүлэхийн тулд манай улсад юуны өмнө үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх талаар тусгасан өөрийн улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулахгүй байх, ингэснээр ослын шалтгааныг судлан тогтоож, осол аюулаас сэргийлэх, эрсдэлийг байнга хянаж байх хэрэгтэйг өнөөдрийн зөвлөгөөнөөр онцолж байлаа.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ