Алдагдсан эртний уран бүтээл 26 сая ам.долларын үнэ хүрчээ

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2019-10-28 10:35:09

ПАРИС. /BBC/. Өнгөрсөн есдүгээр сард нэгэн настай эмэгтэйн гал тогооны өрөөнөөс олдсон эртний уран бүтээлийг өнгөрсөн ням гарагт үнэ хаялцуулахад 26 сая ам.долларын үнэ хүрснээр шинэ амжилт тогтоожээ.


Италийн зураач Чимабуэгийн алдагдсан бүтээл болох “Christ Mocked” нэртэй уран зургийг дуудлага худалдаагаар 6 сая гаруй ам.долларын үнэ хүрнэ хэмээн таамаглаж байсан бол үүнээс дөрөв дахин өндөр үнэ хүрсэн байна.


Acteon” дуудлага худалдааны төвийн мэдээлснээр, уг уран бүтээлийг Францын хойд нутгаас гаралтай нэрээ нууцалсан нэгэн худалдан авсан бөгөөд дундад зууны үеийн зургуудаас хамгийн өндөр үнэ хүрсэн нь энэ болжээ.


Уг ховор урлагийн бүтээлийг Компьене тосгоны оршин суугч нэгэн настай эмэгтэй гал тогооны өрөөндөө хадгалж байсан ажээ. Тэрбээр 25.8x20.3 сантиметр хэмжээтэй зургийг хаанаас гаралтайг огт мэддэггүй байсан бөгөөд нэг их үнэ хүрэхгүй гэж боддог байжээ.


Чимабуэ нь зураач Ченни ди Пепогийн нууц нэр бөгөөд 1240-өөд оны үед Флоренц хотод төрсөн тэрбээр Сэргэн мандалтын өмнөх үеийн агуу уран бүтээлчдийн нэгд зүй ёсоор тооцогддог байна. 

Холбоотой мэдээ