Ховд аймаг 21.8 мянган тонн ургац хураан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-25 10:15:31

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд одоогийн байдлаар ургац хураалтын ажил 96 хувьтай байна.

Тус аймагт 3000 орчим газар тариалан эрхлэгч бий. Энэ онд аймгийн хэмжээнд нийт 2434.8 га талбайд тариалалт хийснээр  21.8 мянган тонн ургац хураан авчээ. 

Үүнд 303 тонн үр тариа, 1969.9 тонн малын тэжээл, 8651.6 тонн төмс, 1881.8 тонн хүнсний ногоо хураан авсан байна.

Харин энэ сарын 25-ны өдрийн байдлаар 17 суманд жимс жимсгэнэ хураах ажил хараахан дуусаагүй, нэгдсэн дүн гараагүй байна гэж Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Мөн 2019 онд орон нутгийн газар тариалангийн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажил хийжээ.

Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багт 1000 тонн хүнсний ногоо хадгалах зориулалт бүхий механикжсан зоорь барих, Үенч, Ховд сумын газар тариалангийн талбайн услалтын системийг шинэчлэх, засварлах, “Булган агропарк” жимс жимсгэнэ төгөл байгуулах зэрэг ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Улмаар  ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэж албаны эх сурвалж хэлэв.



Холбоотой мэдээ