ОХУ-ын цайруулсан Африкийн орнуудын өрийн хэмжээ 20 тэрбум ам.доллар давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-10-24 11:54:04

СОЧИ. /TASS/. Африкийн орнуудын өрийн дарамтыг хөнгөвчлөх санаачилгад ОХУ оролцож байгаа бөгөөд одоогийн байдлаар цайруулсан өрийн нийт хэмжээ 20 тэрбум ам.доллар давсан гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин Орос-Африкийн эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ мэдэгдсэн байна. 


“Бид худалдааны хөнгөлөлт олгож байна. Түүнчлэн Дэлхийн хүнсний хөтөлбөр, Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагуудын шугамаар хамтран ажиллаж байна. Москва системтэйгээр Африк тивийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа” гэж В.Путин мэдэгдсэн байна. Түүнчлэн үндэсний эдийн засгийг өсгөх төслүүдийг санхүүжүүлэхэд өрийн хэрэгслийг ашиглах хөтөлбөрийг ОХУ Африкийн хэд хэдэн улстай хамтран хэрэгжүүлж эхэлснийг нэмж дурджээ.


В.Путиний хэлснээр, Орос-Африкийн харилцааны уламжлалт чиглэл бол мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх явдал юм. 1980-аад оны дундуур тус улс Африкийн орнуудад 100 орчим сургууль барьсан бол хагас сая орчим африкчууд өөрсдийн улсуудын аж үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэх мэргэжлийн сургалтад хамрагдсан болохыг тэрбээр дурджээ. “Одоо Орос улсад Африк тивээс 17 мянган оюутан суралцаж байгаагийн 4000 орчим нь Оросын төсвийн хөрөнгөөр суралцаж байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Чуулганы хүрээнд шахуу хөтөлбөрөөр олон арга хэмжээ зохион байгуулж, Орос-Африкийн хамтын ажиллагааны хэтийн төлөвийн чиглэлүүдийн талаарх тодорхой санаачилгуудыг танилцуулах аж. Тухайлбал, Оросын компаниудын удирдагчид, тус улсын Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран "эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх Оросын гол чадваруудын танилцуулгыг бэлтгэжээ".


Орос, Африкийн бараа эргэлтийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой

ОХУ-Африкийн худалдааны эргэлтийн хэмжээг 4-5 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэх боломж бий гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Африкийн орнуудтай худалдааны хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх хэтийн төлөвийн талаар ярихдаа мэдэгджээ. 


Тухайлбал бид “одоо гуравдагч орны зах зээлд зэвсгээс илүүтэй хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг экспортолж байна. Бид 15 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлсэн бол, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийн хувьд 25 тэрбум ам.долларт хүрсэн. Тиймээс бидэнд хөгжлийн маш сайн потенциал байгаа бөгөөд энэ бүхэн нь худалдааны үзүүлэлтүүдийг цаашид өсгөх найдвар байгааг харуулж байна” гэж тэрбээр хэлсэн байна.


Африкт хөгжиж буй интеграцын үйл явц нь хамтын ажиллагаанд нэмэлт боломжуудыг олгож байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч дурдлаа. Тэрбээр Африкийн холбооны хүрээнд Африк тивийн чөлөөт худалдааны бүс байгуулсныг сайшаагаад энэхүү шинэ бүтэцтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгджээ.


Түүний хэлснээр, ОХУ Африкийн орнууд дахь худалдааны төлөөлөгчийн газрын сүлжээгээ өргөжүүлэхээр, мөн шинэ харилцаа холбоо тогтоож, бизнесийг дэмжихээр төлөвлөж байгаа аж.


Үүний зэрэгцээ ОХУ Африкийн олон орныг эдийн засгийн салбарт хамтран ажиллах боломжит түншийн хувиар харж байгаа бөгөөд ийм улсуудтай хийх хамтын ажиллагаа нь худалдааг ихээхэн нэмэгдүүлнэ гэж үзэж байна. “Африкт хамтран ажиллах боломжтой, хөгжлийн маш сайхан ирээдүйтэй, эдийн засгийг өсгөх асар том боломжуудтай олон түнш бий” гэж В.Путин хэлжээ.


Сүүлийн таван жилийн хугацаанд Орос-Африкийн бараа эргэлтийн хэмжээ хоёр гаруй дахин өсөж, 20 тэрбум ам.доллар давжээ. “Энэ нь надад хэтэрхий бага юм шиг санагдаж байна” гэж В.Путин онцлон тэмдэглэсэн байна. Нийт бараа эргэлтийн 7.7 тэрбум ам.доллар нь зөвхөн Египетэд ногдож байна гэдгийг тэрбээр нэмж дурджээ.


Түүний хэлснээр, ажил хэргийн нягт харилцааг хөгжүүлэх нь ОХУ болон Африкийн орнуудын нийтлэг ашиг сонирхолд нийцэх бөгөөд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад нөлөөлөхийн зэрэгцээ ард иргэдийн амьжиргааг сайжруулахад тус дөхөм болж, нийгмийн олон асуудлыг шийднэ.


В.Путин мөн Африк тив нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн төвүүдийн нэг болж байгааг онцлон дурдсан байна. Шинжээчдийн тооцоолсноор, 2050 он гэхэд Африкийн орнуудын ДНБ 25 их наяд ам.долларт хүрэх ажээ. 


ОХУ-ын Ерөнхийлөгч тус улсын Сочи хотноо болж буй Орос-Африкийн эдийн засгийн чуулганд оролцогсдод зориулж, баярын хүлээн авалт зохион байгуулжээ. Үүнээс өмнө тэрбээр Африкийн орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нартай албан ёсны уулзалт хийсэн байна.


Дээд хэмжээний уулзалт энэ сарын 23, 24-ний өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Египетийн төрийн тэргүүн Абдель Фаттах ас-Сисигий  удирдлаган дор болж байгаа юм. Энэхүү чуулганд Африк тивийн бүх 54 улсын удирдагчдыг урьсан бөгөөд тэдний 40 гаруй нь оролцоно гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн Африкийн найман томоохон интеграцын холбоо болон байгууллага оролцож байна.


Холбоотой мэдээ