Ч.Улаан: Өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн 70 хувийг бэлтгэсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-24 08:08:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн буюу энэ сарын 23-ны ээлжит хуралдаанд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.


ХХААХҮ-ийн сайдын тушаалаар өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцтай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүрэг бүхий дөрвөн ажлын баг зуншлага тааруу байсан, бэлчээрийн даац хэтэрсэн Өмнөговь, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай аймагт ажилласан байна. Одоогоор өвөлжилтийн бэлтгэл Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Дархан-Уул, Хэнтий аймагт 89-100 хувьтай байгаа бол Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгуудын өвс, тэжээлийн бэлтгэл 50 хувиас дээш байна. Гэхдээ зарим аймаг, сум аюулгүйн нөөцийн өвсийг Сэлэнгэ, Булган, Сүхбаатар аймгаас, тэжээлийг үйлдвэрүүдээс худалдан авч байгаа талаар мэдээ ирүүлж байгааг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэв.


Тэрбээр, "Дорноговь, Өмнөговь аймгууд аюулгүйн нөөцийн өвс, тэжээл худалдан авах хөрөнгөө дансандаа бүрэн төвлөрүүлсэн байна. Нөөцийн өвс, тэжээл бэлтгэсэн үр дүнг 10 дугаар сарын 25-ны байдлаар нэгтгэхэд бүдүүн тэжээл 915.3 мянган тонн, сүрэл 200 тонн, хүчит тэжээл 27.4 тонн, дарш 3240.7 тонн, давс, хужир 40 мянган тонн байна. Энэ нь дунджаар 70 хувийн гүйцэтгэл. Энэ жилийн ургац хураалтын урьдчилсан дүн мэдээгээр бий болсон нөхцөл байдлаас шалтгаалан болц гүйцээгүй нэлээд үр тариа ногоон тэжээлд шилжээд байгаа" хэмээв.


Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан судалгаагаар 2019-2020 оны өвөл, хавар нийт нутгийн 60 гаруй хувьд нь бэлчээрийн даац хүрэлцээтэй байгаа. Харин 40 шахам хувьд даац хэтэрч байгаа юм. Тиймээс даац хэтэрч буй Өвөрхангай, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд аймгийн удирдлагуудад малаа эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэл өгчээ. Энэ оны наймдугаар сарын 20-ны байдлаар улсын хэмжээнд тэмээ 541.5 мянга, адуу 4.5 сая, үхэр 5.4, хонь 39.6, ямаа 34.5 сая мал байна. Аймгуудын бэлчээрийн даацтай уялдуулан авч үзэхэд 67.7 сая толгой  мал  өвөлжих боломжтой бөгөөд 16.5 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага үүсжээ.


Мөн тэрбээр 2018 оны зургаадугаар сараас хойш гоц халварт өвчин гараагүй гэдгийг онцлоод энэ онд аймаг сумдаас Улсын тусгай хамгаалалттай газарт 2766 өрхийн 2.2 сая толгой мал, хилийн зурвас газарт 2190 өрхийн 1.3 сая толгой мал , улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт 1529 өрхийн 1.8 сая толгой мал отроор өвөлжүүлэх санал ирүүлснийг дурдлаа. Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг ирэх сард багтаан бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ