Ө.Энхтүвшин: Хяналтын хуудсыг цөөлж цаасаар ажил хийдэг байдлаас сална
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын байгууллагын зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод болон ТББ руу шилжүүлнэ. “Мэргэжлийн хяналтын газар өөр дээрээ бүх зүйлийг овоолж, бүгдийг шийдэхгүй. Энэ байдлыг арилгана” гэж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй өнөөдөр МҮХАҮТ-д уулзах үеэр мэдэгдлээ.
Ховдоор гарах экспортын махыг Улаанбаатарт шийддэг байж болохгүй
Тэрээр уулзалтыг
нээж хэлэхдээ, “Ер нь мэргэжлийн хяналтын байгууллага иргэдийн эрүүл, аюулгүй
байдлыг хангах гол ажлаа л хий. Үүндээ л анхаар. Энэ ажлыг нь хийлгэнэ. Тиймээс
тус байгууллагын бүтэц, үүрэг, үйл ажиллагааг эргэн харж шаардлагагүй
нэгжүүдийг татан буулгаж нэгтгэж шилжүүлнэ. Цаасаар ажил хийдэг байдлаас салгаж
хяналтын хуудсуудыг цөөлж үйл ажиллагааг нь хялбаршуулна. Ажилтнуудыг
чадваржуулж, ажлын үр дүнгээр тооцдог болно.
Хаа байгаа тэр
Ховдоор гарах экспортын махыг Улаанбаатарт шийддэг хүнд суртлыг арилгана. Зэрэгцээ,
давхардсан хяналтаас салж, доороо шийдэж, дээрээ зохицуулдаг ийм зарчмаар явна”
гэдгийг хэлэв. Тэр энэ бүх ярьж хэлж буй байдлаас улбаалаад хуульд өөрчлөлт
оруулж, нэг мөр болгоно гэдгээ мэдэгдсэн юм.
Мэргэжлийн хяналтын байгууллагын чиглэлээр төр, хувийн хэвшлийн ажлын уялдаа холбоог сайжруулах талаар товч мэдээлэл хийсний дараагаар бизнес эрхлэгчид асуулт тавьж санал бодлоо хэлсэн юм.
“Медика Монголиа” эмнэлгийн захирал Л.Сарангэрэл, “Манайх байгуулагдаад удаж буй олон улсын эмнэлэг. Тоног төхөөрөмжөө олон улсын байгууллагын төвлөрсөн хангамжаас оруулж ирдэг, дандаа Англи улсын баталгаат, стандартын тоног төхөөрөмжүүд байдаг. Гэтэл манай мэргэжлийн хяналтын байгууллага давхар хяналт тавьж шалгадаг. Шалгахаасаа гадна бүртгүүлсэн үү, бүртгэлгүй байна гэж яамны ажлыг давхар гүйцэтгэж хүнд суртал гаргадаг” гэж байлаа.
Мэргэжлийн хяналт, төрийн яамдын ажил давхарддаг
Монголын Махны
холбооны тэргүүн Б.Очирбат, “Мал мах бэлтгэх, мах боловсруулах, экспортлох үйл
ажиллагаанд төрийн шат дамжлага олон байна. Зөвшөөрлийн гарын үсэг
зуруулахыг хүлээж байх хооронд бүтээгдэхүүний чанар муудах зэрэг эрсдэл гардаг.
Мэргэжлийн хяналт, төрийн яамдын ажил давхардаж байгаатай санал нэг байна. Уг
нь бид материалаа бүрдүүлээд, нотлох зүйл нь бэлэн байхад үйл явцыг хурдан
шийддэг болмоор байна” гэж байлаа.
Арьс
ширний холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан хэлэхдээ, “Төр, засгийн
зүгээс болж бүтэж буй зүйл ч байна, бүтэхгүй нь ч бий. Арьс шир бэлтгэл,
нийлүүлэлт дээр арьс ширийг шийртэй нь оруулж ирдгийг хориглосон шийдвэр зөв
байсан. Тууштай хэрэгжиж байгаа” гэв.
Энэ мэтээр бизнесийн төлөөллийнхөн санал бодлоо хэлэхдээ "Төрийн хяналтын байгууллагынхан Зөрчлийн тухай хуулиар халхавчлан маш их шахалт дарамт үзүүлж байна. Хуульд олгосон эрхийн хүрээнд 6000 гаруй байцаагч хэдэн үйлчилгээний газрыг дарамталж, төсвийн орлогын голыг бүрдүүлж байна гэдэг. Импортын гэрчилгээ болон мэдэгдлийг богино хугацаагаар олгодог нь бизнес эрхлэгчдэд хүндрэлтэй байдаг. Мөн бүтээгдэхүүний дээжийг шалгалтад оруулаад буцаагаад хариу өгдөггүйгээс болж бизнес эрхлэгчид өдөр өдрөөр торгууль төлсөөр байна” гэсэн гомдол, санал бодлоо хэлж байлаа.
Хяналт дээр 6000 байцаагч биш 1782 хүн ажилладаг
Уулзалтад оролцсон МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү бизнес эрхлэгчдийн асуултад хариулахдаа, “Төрийн
зарим үйлчилгээ, хөндлөнгийн хяналт, зөвшөөрөл гаргах ажлыг ТББ-д шилжүүлэхээр
ярьж байгаа. Хууль эрхзүйн нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй байна. Манай улс
мэргэжлийн хяналттай холбоотой олон улсын 37 гэрээ конвенц, 108 орчим хуулийн
заалтад хяналт тавьдаг. Зарим дүрэм журамд давхцал байгааг үгүйсгэхгүй.
Аль болох давхардал үүсгэхгүйд анхаарч ажиллаж
байна.
Экспорт, импортын бичиг баримтыг 24-72 цагийн дотор хүлээж авдаг. Бичиг баримтын шаардлага хангасан тохиолдолд шийдэхгүй байх шалтгаан байхгүй. Зөрчлийн хууль хэрэгжүүлэх эрх бүхий 6000 байцаагч байна гэж байна. Энэ хүмүүс бүгд хянан шалгах эрхгүй. Бичиг хэрэг, дотоод зохион байгуулалтын ажилтнуудыг хасаад 1782 байцаагч ажиллаж байгаа” гэв.
Мөн НМХГ-ын дарга
Л.Эрдэнэчулуун хэлэхдээ, “Мэргэжлийн хяналт зөвшөөрөл өгдөг газар биш.
Өгөгдсөн зөвшөөрөлд хяналт тавьж, зөрчил дутагдлыг арилгуулдаг газар. Барилгын
салбараар авч үзэхэд, дарамт шахалт болж харагдаад байгаа нь хэд хэдэн
шалтгаантай. Үүнд, төрийн
байгуулагуудын уялдаа холбооны зүйл байгаа.
Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд 500-800 барилга
барьж байгаа. Эдгээрийн 110
нь зөрчилтэй, 68 нь зөвшөөрөлгүй. Бид зөрчил дээр нь акт тавьж, торгууль
хүлээлгэдэг. Гэтэл үнэндээ барилгын компаниуд зураг төслөө батлуулах гэж хагас
жил, А даалгавраа авах гэж хэдэн сар, техникийн нөхцөлөө үнэлүүлэх, ажил
эхлүүлэх зөвшөөрлөө авах гэж дахиад хэдэн сар, үндсэндээ зөвхөн цаас цуглуулах
гэж 1-2 жил болдог. Энэ зөвшөөрлүүдээ хүлээж байх хугацаандаа дулааны улирлыг ашиглаад барилгын ажил эхлүүлчихдэг. Энэ нь
зөрчил болоод байна” гэв.
Тэрээр, нэг давхарт ажиллаж байгаа бүх үйлчилгээний газрыг хаалаа гэж байгааг ташаа мэдээлэл гээд, “Бид барилгын нөхцөл, стандарт талаас нь хянаж шалгаж шаардлага тавьж байгаа. Хуучны модон кракастай барилгад газ ашиглаж болохгүй байна, сүүлийн үеийн барилгууд боломжтой гэх мэт тухайн нөхцөлөөс хамаарч байгаа.
Хяналтын байгууллагын дарамт гэхээс илүү мөн иргэдийн
өөрсдийнх нь оролцоо, хандлагын зүйл бас байгааг анхаарах хэрэгтэй. Энэ онд бид 14 мянган өргөдөл хүлээж авсны 43 хувь
нь шантаажны зорилготой байсан. Нэг
гудамжны 2 дэлгүүр, 2 баар, нэг барилгад ажиллаж байж нэгийгээ матдаг. Хамтдаа
ус дулаанаа шийдэхийн оронд нөгөөгөө хаалгах л зорилготой байгаад байна. Ийм өргөдлүүдийг бид цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлж байгаа. Мөн СӨХ-ны дарга нар оршин суугчдаа турхирч жагсаал цуглаан хийж барилга барьж буй
ААН-үүдийг дарамталдаг. Янз бүрийн өргөдөл өгдөг. Тэгээд барилгын компанийн
захиралтай тохироо хиймэгцээ 2 өрөө байр аваад өргөдлөө татсан” гэсэн жишээг хэлж байлаа.
“Мэргэжлийн хяналтынхан авлига авдаг гэж байна. Тийм тохиолдлыг бид жигшиж байгаа.
Гэхдээ
яг судлаад үзэхээр дүрэм журмаа биелүүлээгүй, хууль бус юм хийж байгаа нөхдүүд
л авлига өгдөг. Машин угаалгын газрын арын өрөөнд хүүхдийн үдийн цай бэлтгэж
байна. Актласан уурын зуухны газар хүнс үйлдвэрлэж байх жишээний. Ийм тохиолдол
их. 500 хүн дотор хууль бус шаардлага тавьдаг хүн бийг үгүйсгэхгүй, нэр устай
нь бидэнд мэдэгдээрэй. Та бүхэн аль болох авлига өгөхгүй байгаарай” гэж байлаа.
МҮХАҮТ-аас жил бүр явуулдаг “Хүнд суртлын индекс-2018” судалгаагаар мэргэжлийн хяналтын
байгууллагын үйл ажиллагаанд бизнес эрхлэгчид 5 онооноос 2.5 оноо өгснийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин уулзалтын
үеэр мэдээлж байв.
Б.Болд
Гэрэл зургийг Б.Чадраабал