Монголын рок хамтлаг дэлхий дахиныг хэрхэн байлдан дагуулж байна вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-23 13:45:43

ВАШИНГТОН. /The Guardian/. “Хү” хамтлаг тайзан дээр гарч ирэх цаг болоогүй байхад үзэгчид хашхирч эхэллээ. “Өрнөд, дорнодын хөгжмийг хослуулсан” хамтлагийн уран бүтээлүүдийг “YouTube”-ээр 45 сая гаруй удаа үзэж, анхны цомог нь олон амжилтыг дагуулж, Элтон Жоныг гайхшруулжээ. 


АНУ-ын Нью-Йорк хотын “Warsaw” танхимд тоглолт эхлэхээс 20 минутын өмнө үзэгчид ХҮ!! ХҮ!! ХҮ!!,” хэмээн хашхирч эхлэв. Хар өнгийн богино ханцуйтай цамц, арьсан хүрэм голчлон өмссөн шүтэн бишрэгчид хамтлагийн уран бүтээлчдийг гарч ирэх үед улам чанга хашхирав. “Хү” хамтлагийн гишүүд ч мөн арьсан хүрмээр гангарсан байх бөгөөд үүнийгээ Монгол хээ угалз, бэлгэ тэмдгүүдээр чимэглэжээ. Тэд Англиар бус өөрсдийн эх хэлээр дуулан хөөмий хэмээх эртний урлагийг хослуулах аж. Мөн тэд цахилгаан гитар, морин хуур, товшуур, төмөр хуур зэрэг хөгжмийн зэмсгээр тоглодог байна.


“Бидний хөгжим бол өрнөд ба дорнод, хуучин ба шинийн хоршил. Бид түүх болон олон мянган жилийн хөгөнд тулгуурлан уран бүтээлээ туурвидаг” гэж хамтлагийн гоцлол дуучин Ц.Галбаатар /Галаа/ орчуулагчаараа дамжуулан хэллээ. Тэдний анхны клипүүд болох “Wolf Totem”, “Yuve Yuve Yu”-г өнгөрсөн онд “YouTubе” цахим хуудсаар 45 сая гаруй удаа үзэж, тэдний “Gereg” нэртэй анхны цомог “Billboard”-ийн Шилдэг шинэ уран бүтээлчийн жагсаалтын нэгдүгээрт, “Indie Label” жагсаалтын хоёрдугаарт жагссан амжилтыг үзүүлжээ. Мөн уг цомог Их Британийн Рок, метал цомгуудын жагсаалтын хоёрдугаарт, хамгийн их татагдсан цомгуудын дөрөвдүгээрт бичигдсэн байна. Мөн Австралид дижитал борлуулалтаараа амжилт тогтоожээ. Түүнчлэн “Хү” хамтлагийн “Facebook” хуудас 300 мянга гаруй дагагчтай болжээ.


Хэдийгээр “Хү” хамтлаг 2016 онд байгуулагдсан боловч хамтлагийн гишүүд амьдралынхаа олон жилийг өөрсдийн хөгжмийн зэмсгээ тоглох, хөөмийлөх чадвараа сайжруулахад зориулжээ. Хамтлагийн үндсэн гишүүд болох Б.Энхсайхан /Энхүш/, Г.Нямжанцан /Жаяа/, Н.Тэмүүлэн /Тэмка/ нар Монгол Улсын Соёл урлагийн их сургууль болон Монгол Улсын Консерваторид мэргэжил эзэмшжээ. Эдгээр сургуульд тэд хөгжмийн олон урсгалын талаар судалсан байна. Мөн хамтлагийн гишүүд “Metallica”, “System of a Down”, “Rammstein” зэрэг хамтлагийг сонсдог байжээ. Монголд 1992 онд төгсгөл болсон коммунизмын эрин үед өрнөдийн хөгжмийн энэ төрлийн урсгал хориотой байжээ. Хэдийгээр тухайн үед хамтлагийн гишүүд бага балчир байсан боловч соёлын өөрчлөлтийн талаар сайн санадаг ажээ. “Бид бэрхшээлийг даван туулах хэрэгтэй болсон. Манай улс санхүүгийн хямралд орсон. Гэсэн хэдий ч үүнийг бид хийх ёстой байсан. Яагаад гэвэл уг өөрчлөлтийн ачаар бид бүгд рок хөгжим тоглох боломжтой болсон” гэж Жаяа хэлжээ.


Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд орчин үеийн хөгжмийн урсгал Улаанбаатарт хүчтэй хөгжиж, “Камертон” тэргүүтэй поп хамтлагууд, “Алтан ураг” /Netflix” компанийн “Марко Поло” цувралын хөгжмийг туурвихад хамтран ажилласан/ зэрэг рок хамтлагууд, “Mrs M/удахгүй Англи хэлээр уран бүтээлээ туурвих гэж буй/ зэрэг хип хоп уран бүтээлчид төрөн гарчээ. Гэсэн хэдий ч “Хү” хамтлагийг үүсгэн байгуулсан продюсер Б.Дашдондог /Дашка/ металл рок урсгалыг Монголын уламжлалт урлагтай хослуулах хүртэл дэлхий дахины анхаарлыг нэг их татаагүй байна. Дашка поп, рок хамтлагуудтай олон жилийн турш хамтран ажилласны дараа ямар нэгэн шинэ зүйлийг бий болгохыг хүсжээ. Тэрбээр өөрийн хүслээ биелүүлэхийн тулд Консерваториос “Хү” хамтлагийн гишүүдийг сонгон авсан байна. Хамтлагийн гишүүдийн тайлбарласнаар, “Хү” хэмээх нэр нь Англи хэлний “Who” хэмээх үгтэй холбоогүй бөгөөд “Хү” гэдэг нь Монгол хэлээр хүн хэмээх үгийн язгуур ажээ.



“Хү” хамтлагийн уран бүтээлүүдийн үгс байгаль дэлхийтэй ихээхэн хамааралтай байдаг байна. “Хүн төрөлхтөн, байгаль дэлхий хоорондоо уялдаа холбоотой. Нүүдэлчин ард түмний хувьд бид эх дэлхийгээ сүйтгэдэггүй. Байгаль дэлхий, хөөмий хоёр ихээхэн уялдаатай бөгөөд бид усны чимээ, салхины чимээг дуурайхыг хичээдэг” хэмээн Жаяа ярьсан байна. Хамтлагийн бүх гишүүд олон жилийн өмнөөс хөөмийлж эхэлсэн боловч үүнийг сурахад маш хэцүү байдаг бөгөөд хөөмийлөх үед хоёроор зогсохгүй гурван нот зэрэг гардаг байна.


“Хү” хамтлагийн “Yuve Yuve Yu” дууны клипэнд орчин үе болон уламжлалт ёсны холбоо хамаарлын талаар үзүүлдэг бол “Wolf Totem” дуунд Монголын морьтон залуус болон “Harley” унасан арьсан хүрэмтэй залуучууд гардаг байна. “Хү” хамтлаг одоо “Mötley Crüe”, “Five Finger Death Punch” зэрэг рок хамтлагуудтай хамтран ажиллаж байсан “Eleven Seven” студийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгаа аж. “Тэдний бичлэгийг хэчнээн хүн үзсэн бус маш өвөрмөц байдал нь бидний анхаарлыг татсан. Бид тэдний хийж буй зүйлд нэр ч өгч чадахгүй байсан” гэж “Eleven Seven” студийн мэргэжилтэн Стив Клин хэлжээ. “Үүнийг юу гэдгийг нь мэдэхгүй байгаа боловч үнэхээр сайхан юм” гэж бид хоорондоо ярилцаж байсан гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


“Хү” хамтлаг анхны цомгоо Монголын эзэнт гүрэн 1200-гаад оны үед дэлхий дахинд танилцуулж байсан анхны дипломат паспортын нэрээр нэрлэжээ. “Монголын эзэнт гүрнийг хүмүүс зөвхөн баатрууд, дайчдаар төсөөлдөг боловч тэд анхны шуудангийн систем, анхны олон улсын худалдааны зам, дипломат паспорт зэрэг олон эерэг зүйлийг дэлхий дахинд танилцуулсан" гэж Жаяа хэлжээ.


“Хү” хамтлагийн хөгжим тэдний өөрсдийн паспорт болсон бөгөөд тэд одоо Америкаар аялан тоглолт хийж байгаа бa энэ оны эцсээр Европт, 2020 оны эхээр Их Британид тоглохоор төлөвлөж байна. Амьд тоглолтуудад зориулан үндсэн дөрвөн гишүүд дээр дөрвөн гишүүн нэмэгдсэн нь тэдний уран бүтээлүүдийг улам хүчирхэгжүүлж байгаа ажээ. Eleven Seven” студи “Хү” хамтлагийн уран бүтээлүүдийн Англи хэлээрх ремиксүүдийг гаргаж эхэлсэн байна. “Английн алдарт дуучин Элтон Жон бидний шүтэн бишрэгч гэдгээ бидэнд хэлсэн” хэмээн Жаяа ярьсан бөгөөд Э.Жон хэлэхдээ, шинэ хөгжим сонсоогүй удсан байна гэжээ. “Орчин үед хуучны хөгжим хэмээн үзэх хандлага бий болсон рок урсгалын хувьд энэ бол сайн мэдээ. Бид рок урсгалд хайртай. Хүмүүсийн урьд нь сонсдог байснаас өөр шинэ зүйлийг бид бүтээж байна” гэж Галаа хэлжээ.

Холбоотой мэдээ