Туркт татвар ногдуулж, хориг арга хэмжээ авахаа хатуу сануулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-22 13:57:09

ВАШИНГТОН. /TASS/. Хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл гаргавал Туркт татвар ногдуулж, хориг арга хэмжээ авахаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хатуу сануулжээ.


“Турк зохисгүй үйлдэл хийвэл бидэнд татвар ногдуулж, хориг арга хэмжээ авах хүч бий” хэмээн АНУ-ын Төрийн тэргүүн сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.


Сири дэх цэргийн ажиллагаатай нь холбогдуулан Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай гүйцэтгэх захирамжид Д.Трамп энэ сарын 14-нд гарын үсэг зурсан юм. Баримт бичигт дурдсанаар, хэнд хориг арга хэмжээ авахыг Д.Трамп Төрийн департаментын тэргүүн, Сангийн сайдад үүрэг болгожээ. 


АНУ, Туркийн энэ сарын 17-нд болсон яриа хэлэлцээний үеэр талууд цэргийн ажиллагааг түр зогсоох тухай хэлэлцээрт хүрч, Турк улс 120 цагийн хугацаатай гал зогсоохыг зөвшөөрсөн юм. Туркийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахгүй бөгөөд Сирид гал бүрэн зогсоовол одоо үйлчилж буй эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахаа АНУ-ын Дэд ерөнхийлөгч М.Пенс энэ яриа хэлэлцээний дүнд мөн мэдэгдсэн юм.  

Холбоотой мэдээ