Орос-Хятадын худалдаа нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-04-13 15:01:51

БЭЭЖИН. /Sputnik/. Энэ оны нэгдүгээр улиралд Орос, Хятад хоёр улсын худалдааны эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны үеийнхээс 3.6 хувиар өссөн үзүүлэлт гарлаа гэж Хятадын Гаалийн ерөнхий газрын төлөөлөгч Хуан Шөнцян мэдээлэв.

2015 онд бараг гуравны нэгээр буураад байсан хоёр улсын худалдааны хэмжээ энэ онд өсөх төлөвтэй байна гэж Хятадад суугаа Оросын худалдааны төлөөлөгч өнгөрсөн сард мэдэгдсэн билээ.

Гаалийн мэдээллээр бол, БНХАУ-аас ОХУ-д экспортолж буй барааны хэмжээ энэ оны эхний улиралд 6.2 хувиар нэмэгдсэн байна. Харин ОХУ-аас Хятад руу хийж буй экспорт 1.1 хувиар нэмэгджээ.

Хятадаас Орос руу хийж байгаа экспортын дийлэнх хувийг цахилгаан болон хөдөлмөр их шаарддаг бүтээгдэхүүн эзэлж байгаа бол Хятадын тал ОХУ-аас голдуу нефть, нүүрс, төмрийн хүдэр болон түүхий эд импортолж байгааг Шөнцян онцлов.

Хоёр улсын худалдааны хэмжээ өнгөрсөн онд 2014 оныхоос 28.6 хувиар буурсан байна. Харин 2013-2014 оны хооронд хоёр улс хоорондын худалдаа 6.8 хувиар өсч байжээ.

Юанийн ханш унаж, Хятадын эдийн засгийн өсөлт  удааширснаас тус улс эдийн засгийн шинэчлэл хийхээс өөр аргагүйд хүрсэн 2015 онд Хятадын худалдааны нийт хэмжээ буурсан байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ