Ядуурлыг бууруулах “эм”-ийг гарган авсан Нобелийн шагналтнууд

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-10-21 11:24:04

Дэлхий даяар олон тэрбум долларыг ядууралтай тэмцэхэд зарцуулж байна. Энэтхэгт жорлон, Африк тивд усан хангамжийн шугам, Латин Америкт сургууль барихын тулд мөнгө хөрөнгийг хүмүүсээс хуримтлуулан цуглуулсаар. Гэтэл энэ бүхэн ямар ч үр дүнгүй байвал яах вэ? Ядуурлыг эмчлэх эмнүүдийн аль нь илааршуулдаг эм бэ, аль нь хуурамч эм бэ? аль нь хор вэ? гэдгийг ялгаж салгах арга бий юү?


Мөнгөний тухай ярьж байгаа болохоор энэ нь эдийн засагчдад хамаатай асуудал билээ. Дээрх асуултанд хариу олохын тулд удаан хугацаанд шаргуу хөдөлмөрлөсөн гурван хүн даваа гарагт Нобелийн эдийн засгийн шагнал болох 1 сая орчим долларыг хүлээн авлаа.


Хэдийгээр Нобелийн албан ёсны шагнал биш боловч Нобелийн хорооноос олгодог эдийн засгийн салбарын шагналыг Харвардын их сургуулийн судлаач Майкл Кремер, Массачусетийн Технологийн их сургуулийн эрдэмтэд болох Эстер Дюфло, Абхижит Банержи нар хүртсэн байна.


“Эдгээр эрдэмтэд ядууралтай тэмцэх арга замыг эрж хайх шинэ хандлагыг боловсрууллаа. Тэд том асуудлыг олон жижиг асуудал болгон задалж, тэдгээрт хариу өгөх хамгийн шилдэг арга бол хээрийн туршилт судалгаа мөн гэдгийг баталсан” гэж Шведийн Шинжлэх ухааны академи үнэлээд Нобелийн эдийн засгийн шагналыг дээрх гурван судлаачид олгохоор шийдвэрлэжээ.  


Нобелийн шагналтнууд өөрсдийн бүтээлээр дэлхийн дахинд чухам юуг өгсөн бэ гэдэг талаар Би Би Си агентлагийн эдийн засгийн тоймч А.Калмыков товч нийтлэл бичсэнийг орчуулан хүргэе. 


Манай гарагийн 10 хүн тутмын нэг нь ядуу зүдүү аж төрж байна. Ядуурал нь хүний эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар болон улс үндэстний шинжлэх ухааны чадамжийг бууруулан сүйтгэж, улсын санг хоослон, улс төрийн байдлыг тогтворгүй болгодог. Улс орон баян чинээлэг, тайван амгалан, аз жаргалтай байхад саад хийдэг.


Ядуурал гэдэг асуудал байгаа гэдэг нь тодорхой, ядууст туслах гэсэн хүмүүс ч хангалттай олон бий. Гэхдээ нигүүлсэнгүй үзэлт тэрбумтнуудын өгч буй хандив, Дэлхийн банк, өндөр хөгжилтэй орнуудын тусламжийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ гэдэг тал дээр шинжлэх ухааны үндэслэлтэй хариултыг өдгөө хэр нь өгч чадахгүй байгаа юм.


Хандиваар цугларсан мөнгийг хэрхэн зарцуулах талаарх шийдвэрийг өмнө нь нигүүлсэнгүй үзэлтнүүд өөрсдөө, мөн хандивлагч орнууд болон тусламжийг хүлээн авч буй ядуу орнуудын удирдагчид гаргаж байлаа. Тэд сохор мухар таамгаар эсвэл улс төрийн ашиг хонжооны үүднээс шийдвэр гаргаж байсан нь үнэн.


Судлаач Кремер хөрөнгө мөнгийг хэрхэн үр ашигтай зарцуулж буйг мэдэхийн тулд туршилт хийхээр шийджээ. Тэрбээр Кени улсад байх хугацаандаа тусламжийн 1 ам.доллар бүрийн өгөөжийг тооцоолон судалсан байна. Харин Дюфло, Банержи нар түүний сэдсэн санааг цааш нь дэлгэрүүлэн хөгжүүллээ. Эмийн үр нөлөөг клиник судалгаа хийж тодруулдаг анагаах ухааны аргыг ашиглахаар эдийн засагчид шийдвэрлэсэн байна.


“21 дүгээр зууны эдийн засгийн шинжлэх ухаан нь 20 дугаар зуунд анагаах ухааны туулсан замыг туулах ёстой. Энэ бол туршилт, алдаа, хэлэлцүүлэг, судалгааны хүнд бэрх зам байх болно” хэмээн Дюфло ярьж байна.


“Анагаах ухааны салбар нь бүх өвчнийг анагааж чадах эм бэлдмэлийг гарган авч чадаагүй, гэхдээ өнөө цагийн эмч нар жил бүр олон сая хүний амь насыг аварч байна. Эдийн засагчид бид ингэж чадах ёстой”. 


Бүхий л өвчнийг анагаах эмийг эрэн хайж буй Дюфло, Банержи нар хээрийн туршилт судалгаандаа дэлхий өнцөг булан бүрээс эрдэмтдийг татан оролцуулахын тулд Poverty Action Lab буюу ядууралтай тэмцэх лабораторийг байгуулжээ. 

Эдийн засаг, нийгмийн чиглэлийн чухам ямар арга хэмжээнүүд нь ядуурал болоод түүний үр дагаврыг саармагжуулдаг вэ гэдгийг туршилт хийх замаар баталсан байна. Тэд тохь тухтай ажлын өрөөгөө орхин Энэтхэгийн нэгэн тосгон, дараа нь Африкийн тосгонд очжээ.


“Бизнес болон технологийн салбарт бид нар хамгийн үр дүнтэй аргыг туршиж үзэнгүүтээ практикт нэвтрүүлдэг. Үүний адилаар нийгмийн бодлогод яагаад ийм туршилт хийж болохгүй гэж?” гэсэн асуултыг Дюфло өөртөө тавилаа.


Судлаачдын хийсэн туршилтууд огт санаандгүй үр дүнд хүрчээ. Ядуучуудын боловсролд зарцуулж буй мөнгөний үр өгөөжийг үнэлэх судалгаа хийсэн эрдэмтэд ийм дүгнэлт хийсэн байна. Багш нарын тоог нэмэгдүүлэх, үнэ төлбөргүй үдийн хоол, сурагчийн дүрэмт хувцас, тэтгэлэг зэрэг уламжлалт татаасууд нь боловсролын хамрах хүрээг нэмэгдүүлдэг байна.


Гэхдээ боловсролын ач холбогдол, үр өгөөжийг сурталчлах мэдээллийн кампанит ажилд зарцуулсан доллар бүрийн өгөөж нь 15 дахин их байсан байна. Мөн шимэгч хорхойтой тэмцэх ажилд зарцуулсан мөнгөний үр өгөөж 10 дахин их байжээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлэлд дурдсанаар, шимэгч  хорхой нь хүүхдүүдийн бие бялдрын болон оюуны чадавхийн хөгжлийг сааруулж, боловсролын ахиц дэвшлийг нь хязгаарлаж, эдийн засгийн хөгжлийг арагш чангаадаг байна.


Хүүхдүүдийн гэдсэн дэх шимэгч хорхойтой тэмцэх нь боловсролын салбарын зардлын чухал хэсэг болно гэж хэний ч толгойд орж ирээгүй байх. Давост жил бүр болдог улс төр, бизнесийн удирдагчдын уулзалтын үеэр  уг туршилтын үр дүнгийн талаар танилцуулсны дараа дэлхийн 26 улсын сургуулийн насны 20 сая хүүхдийг шимэгч хорхойноос салгахад шаардагдах мөнгө ганцхан жилийн дотор цугларсан байна.  Чухамхүү энэ туршилтыг хийснийх нь төлөө эрдэмтдэд Нобелийн шагнал олгохоор шийдвэрлэжээ.


“Тэдний арга нь хөгжлийн асуудлыг судлах туршилтын гол хэлбэр боллоо” гэж Шведийн Шинжлэх ухааны академийн мэдэгдэлд дурджээ.


Сүүлийн үед жирийн хүмүүст хамаатай асуудлыг судалж буй эдийн засагчдад Нобелийн шагнал олгохыг чухалчлах болсон юм. Өнгөрсөн оны Нобелийн шагналыг эдийн засагч Пол Ромер, Уильям Нордхаус нар хүртсэн бөгөөд тэд ядуурал ба тэгш бус байдлыг аль болох богино хугацаанд устгахын тулд хямралаас хэрхэн зайлсхийх вэ гэдэг гол асуудлыг шийдэх чиглэлд эдийн засгийн шинжлэх ухааныг нэг алхам урагшлуулсан юм. Мөн уур амьсгалын өөрчлөлт эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг судалсан байна.


Энэ удаад Нобелийн шагнал илүү “ард иргэдийн асуудалд ойр болсон явдалд” Оросын эдийн засагч Константин Сонин сэтгэл хангалуун байна.


“Үнэхээр нүдээ олсон шагнал. Хэнд, яагаад хэрэгтэй вэ гэдэг асуултанд хариулахад маш амархан боллоо. Учир нь, бүгдэд хэрэгтэй учраас” хэмээн тэрбээр блог хуудсандаа бичжээ.


Дюфло, Банержи нарт шагналыг олгоно гэж К.Сонин бүр эртнээс таамаглаж байсан аж. “Хээрийн туршилт судалгаа хийхээс өмнө ядууралтай тэмцэхэд зарцуулж буй мөнгөний үр өгөөжид дүн шинжилгээ хийх арга байхгүй байсан. Тэдний энэ туршилт Орос улсад ч хэрэг болно” гэж Чикагогийн их сургууль ба Эдийн засгийн дээд сургуулийн профессор тэрбээр ярьж байна. 


Манай Орос улсад санамсаргүй түүвэр судалгааны туршилтыг хийдэггүй. Энэ бол буруу. Төрийн албан тушаалтнууд гар утас хэрэглэхийг хориглосонтой зүйрлэж болохоор технологийн хоцрогдол. Амьдрал яахав үргэлжлэх л болно, гэхдээ үр өгөөж нь буурна шүү дээ” гэж эрдэмтэн дүгнэн хэллээ.

Б.Адъяахүү 

Эх сурвалж: https://www.bbc.com/russian/news-50039458

 

Холбоотой мэдээ