Ивээн тэтгэгч, онцгой гишүүд, хандивлагчдын IV чуулга уулзалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-10-19 12:11:52
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монголын Улаан загалмайн нийгэмлэг-Үндэсний хүмүүнлэгийн байгууллагын Дундговь дахь салбараас “Ивээн тэтгэгч, онцгой гишүүд, хандивлагчдын IV чуулга уулзалт"-ыг Гурвансайхан суманд зохион байгуулж байна.  

Тус чуулга уулзалтад аймгийн УЗХ-ны удирдах зөвлөлийн дарга Х.Жаргал, гүйцэтгэх захирал Б.Гасрандорж, сумдын ивээн тэтгэгч, онцгой гишүүд оролцож байна.

Аймгийн УЗХ-ны удирдах зөвлөлийн тэргүүн Х.Жаргал чуулганыг нээж хэлсэн үгэндээ тус хорооны амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулаад “идэвхтэн гишүүд, дэмжигчид, сайн дурын гишүүдийнхээ оролцоо, хүчинд тулгуурлан анхан болон дунд шатны хорооны хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлэх, тогтвортой байдлыг хангах нь бид бүгдийн өмнө тулгамдсан асуудал болж байна” хэмээн онцоллоо.  

Монголын Улаан загалмайн нийгэмлэг-Үндэсний хүмүүнлэгийн байгууллагын Дундговь дахь салбарын дарга Б.Гасрандорж тус чуулганд аймгийн УЗХ-ны сүүлийн хоёр жилийн үйл ажиллагаагаа тайлагнаж, илтгэл тавьсан юм.

Тэрээр илтгэлдээ “Манай Улаан загалмайн хорооны хувьд аймгийнхаа төрийн байгууллагуудтай хамтран ажиллах хамтын ажиллагаа, түншлэл сайжирсан. Тухайлбал, аймгийн ИТХ-аар 20,0 сая төгрөг батлуулж, үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Аймгийн төвийн бүх байгууллагад эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх ажилтнуудыг бэлтгэж, тоног, хэрэгслээр хангаж өглөө. Ингэснээр гамшгийн үед эдгээр ажилтнууд хамт олондоо эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж ажиллах тийм чадвар эзэмшсэн” хэмээн онцоллоо.

Тус хорооноос өнгөрсөн хоёр жилийн хугацаанд орон нутгийн иргэдийн гамшгийн хариу арга хэмжээ авах, эрсдэлийг даван туулах чадавхийг сайжруулах, нийгмийн эмзэг байдлыг бууруулахад хувь хүн, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хүүхэд, залуучууд болон сайн дурынхныг дэмжих, цусны донорын эгнээг өргөтгөх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авах чиглэлээр олон нийтийг хамарсан сургалт сурталчилгаа зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Чуулганы үеэр сум бүрийн анхан шатны хороод өөрсдийнхөө туршлагыг хуваалцаж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа танилцууллаа.  

Дундговь аймгийн Улаан загалмайн хороо нь 1103 татвар төлөгч, 2 алтан гишүүн, 9 мөнгөн гишүүн, 113 ивээн тэтгэгч, онцгой гишүүнтэй байгууллага ажээ.

Холбоотой мэдээ