"Монгол экспорт экспо-2019"-д 100 гаруй ААН оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-18 09:27:47
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдаа "Монгол экспорт экспо-2019" нэртэйгээр Мишээл Экспо төвд нээлтээ хийлээ. Монгол Улсад аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн худалдаагаар хөнгөн үйлдвэрийн экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, борлуулалтыг дэмжих, нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлжээ.


ХХААХҮЯ, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Мишээл Экспо төв хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн худалдаанд арьс шир, ноос ноолуур, хэвлэл, сав баглаа боодол, барилгын материал, дахин боловсруулах, хүнс, гоо сайхны үйлдвэрлэл эрхэлдэг 100 гаруй ААН оролцож байна.



ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батхүү: "Өнгөрсөн есдүгээр сард БНХАУ-ын ӨМӨЗО-д зохион байгуулсан Монгол-Хятадын экспод хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд голлон оролцсон. Монгол Улсын Засгийн газар уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор "Үйлдвэржилт 21:100", "Ноолуур", "Монгол экспорт" зэрэг гурван хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үйлдвэрлэгчиддээ зах зээлийг нь нээж өгөхөд эдгээр хөтөлбөрийн хоорондын уялдаа оршино. "Ноолуур" хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд үйлдвэрлэлийн хүчин чадал 30 хувиар нэмэгдсэн. Энэ салбар жилдээ 900 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг байсан бол өнгөрсөн жил 1.3 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна. Монгол Улс дэлхийн хоёр дахь том ноолуурын түүхий эд бэлтгэгчийн хувьд энэхүү боломжоо үр дүнтэй ашиглаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна" гэв.


Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны Гүйцэтгэх захирал Т.Баярсайхан: "Манай улс БНХАУ, Итали, Испани, БНТУ, БНСУ зэрэг улсад хагас боловсруулсан арьс шир экспортолж байна. Хэдийгээр хагас боловсруулсан арьс ширний экспорт их байгаа ч цаашид нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ төрлийн үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор арьс ширний хаягдлаар модны цавуу, техникийн желатин үйлдвэрлэж БНХАУ-руу экспортолж байна. Мөн адууны дэл сүүлийг түүхийгээр нь БНХАУ-руу экспортолдог байсан бол өнгөрсөн хавраас түүнийгээ боловсруулаад өнгө, урт богиноор нь ялгаад экспортолдог болсон. Цаашид энэ төрлийн бүтээгдэхүүнийг Европын орнууд руу экспортлохыг зорьж байна" гэлээ. 


"Монгол экспорт экспо-2019" үзэсгэлэн худалдаа энэ сарын 21-нийг дуустал Мишээл Экспо төвд үргэлжилнэ. 








Холбоотой мэдээ