Дэлхийн цэргийн спортын VII наадамд “Алдар”-ынхан оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-16 14:16:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг “World Military Games” буюу Дэлхийн цэргийн спортын VII наадам 10 дугаар сарын 18-27-нд БНХАУ-ын Хүбэй мужийн Үхань хотод болно.


Энэхүү наадамд БХЯ-ны “Алдар” спорт хорооны бокс, буудлага, байт харваа, чөлөөт бөх, жүдо, хөнгөн атлетик, марафон зэрэг спортын төрлөөр өрсөлдөх 80 гаруй тамирчид, дасгалжуулагчдын баг хурд, хүч, ур чадвараа сорих юм.  Чөлөөт бөхийн төрөлд “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор манай улсаас армид данстай эрэгтэй 4, эмэгтэй 3, нийт 7 тамирчин, боксын төрөлд гавьяат дасгалжуулагч А.Гантулга, дасгалжуулагч Ж.Отгонбаяр тэргүүтэй эрэгтэй 7, эмэгтэй 3 тамирчин тус наадамд хүч үзэхээр өнөөдөр урд хөршийг зорьсон байна.


Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д Ази тивийн АШТ-ий хошой хүрэл, 2014 оны цэргийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Батмагнай, 74 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, 2014 оны цэргийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, АТАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, 2014 оны цэргийн дэлхийн аварга ОУХМ О.Үйтүмэн, эмэгтэйчүүдийн 53 кг-д залуучуудын ДАШТ болон цэргийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болор-Эрдэнэ, 57 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, 2014 оны цэргийн дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 68 кг-д 2018 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Даваанасан, 76 кг-д “Байгаль Опен”, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгөн медальт ОУХМ Г.Ариунжаргал нар зодоглоно. Цэргийн спортын наадамд чөлөөт бөхийн төрөлд олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Б.Раднаа ажиллана. 

Холбоотой мэдээ