Галын аюулд өртсөн иргэд болон тэдний ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлнэ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-10-16 11:06:49

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Сүхбаатар аймагт үүсээд байгаа онцгой нөхцөл байдал болох караокед гарсан гал түймрийн осолд өртсөн хүмүүс болон тэдний ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэх ажлыг аймаг орон нутгийн зүгээс үзүүлэх ёстой гэх саналыг гаргаж, онцгой комиссын гишүүд 100 хувь дэмжлээ.

Гал түймэрт өртсөн 17 хүн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд ес нь сэхээний, найм нь энгийн тасагт хэвтэж байна. 10 дугаар сарын 16-ны өглөөний мэдээгээр хоёр хүний биеийн байдал хүнд, бусад хүний биеийн байдал хуучин түвшиндээ байна. Сэхээний тасагт байгаа өвчтөнүүд бүгд хагалгаанд орох заалттай гэх мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас өглөө.

Эдгээр хүмүүст туслах хандивын ажлыг ТББ, хувь хүмүүс, албан газрууд хэдийнэ эхлүүлсэн. Тиймээс төр захиргааны байгууллагаас ч мөн давхар дэмжлэг үзүүлэх нь зөв гэсэн саналыг онцгой комиссын гишүүд гаргаж бүгд дэмжлээ. Үүнийг ойрын хугацаанд ажил хэрэг болгох хэрэгтэйг ч аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар хэллээ. Улмаар энэхүү ажлыг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Мөнхзаяаг удирдан зохион байгуулахыг үүрэг болгов.

 

Холбоотой мэдээ