ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино Монголд айлчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-15 14:37:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал 2019 оны 10 дугаар сарын 16-нд тохиох бөгөөд ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино манай улсад айлчилна.


Тэрбээр, МХБХ-ны үйл ажиллагаа, ОУХБХ-ны төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцах юм байна. МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатарын “FIFA BEST” ФИФА-гийн шагнал гардуулах ёслолын үеэр өөрийн эх орондоо айлчлахыг урьсан урилгыг ОУХБХ-ны ерөнхийлөгч хүлээн авч, ФИФА-ийн ерөнхийлөгчийн хувиар анх удаа манай эх орныг зорин ирж байна.


Өмнө нь 2013 онд ЕХБХ-ны /UEFA/ Дэд ерөнхийлөгч байхдаа, Мишель Платинигийн хамтаар Монголд ирж байсныг хөлбөмбөг сонирхогчид мэднэ. Жианни Инфантино /Gianni Infantino/ МХБХ-ны өнөөгийн үйл ажиллагаа, ирээдүйн зорилт, “FIFA Forward” төслийн хэрэгжилтийг бодитоор харж танилцахаар ийнхүү манай оронд айлчилж байгаа юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, төр засгийн хөлбөмбөгт оруулж болох хувь нэмэр, дэмжлэгийн талаар ярилцах аж.


“FIFA Forward” хөтөлбөрийн хүрээнд Шинэ Яармагт барьсан ногоон талбайн нээлтэд оролцож, тууз хайчлах нь ОУХБХ-ны Ерөнхийлөгчийн айлчлалын гол хэсгийн нэг байх юм. Энэ жил 60 жилийн ойгоо тэмдэглэж буй МХБХ-ны Их хурлын гишүүд, зөвлөлийн гишүүд болон бусад төлөөллүүдтэй уулзаж, коктэйл үдэшлэгт оролцох юм байна.


Ташрамд дуулгахад, Жианни Инфантиногийн хамтаар Францын шигшээ багт тоглож 1998 оны Дэлхийн аварга, 2000 оны Европын аварга болж байсан монгол цустай хэмээгддэг Юрий Жиркаеф манай нийслэлд ирэхээр болжээ.




Холбоотой мэдээ