Оньсон тоглоомыг дэлгэрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-10-15 09:15:51

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Музей “Оньсон тоглоом оюуныг тэтгэгч” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. ЕБС-ийн сурагчдыг оньсон тоглоомоор дамжуулан оюун ухаан, сэтгэхүйг нь хөгжүүлэх, мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, оньсон тоглоомын ач холбогдлыг таниулан сурталчлах зорилготой хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд мөн хамрагдах аж. 

Хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд оньсон тоглоомын тухай хичээлд суух /цахим хэлбэрээр/, баг болон хуваагдаж өрж эвлүүлэх тоглоом, газрын зураг эвлүүлэх, оньсон тоглоом эвлүүлэх, алаг мэлхий өрөх гэх мэтчилэн олон зүйлсийг сурах ажээ. Түүнчлэн аймгийнхаа Орон нутаг судлах музейтэй танилцаж 10 их Хутагт хувилгаадын эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг үзэж сонирхон Дилов хутагтын ариун чандарт мөргөж адис авах, алдартнуудын музей үзэх юм байна. Хөтөлбөрийг он дуустал явуулж сар бүрийн 25-ны өдрөөс гурав хоногийн хугацаатай Улиастай сумын сургууль бүрээс 10 хүүхэд оролцуулах юм байна. Аймгийн бусад сумдын хүүхдүүд сурагчдын амралтаар хуваарийн дагуу хөтөлбөрт хамрагдах ажээ. Монголчуудын тоглоом наадгай нь нүүдэлчдийн амьдрал ахуйд тулгуурласан тоглох аргын хувьд оюуны чухал соёлын өв ажээ.Монголчуудын хэдэн зууны турш өвлөж ирсэн оюуны бүтээл болох оньсон тоглоомыг хүүхэд бүр цаашлаад хүн бүр шамдан суралцах хэрэгтэй хэмээн зохион байгуулагчид уриаллаа.

Холбоотой мэдээ