Орос хэл, соёлын баруун бүсийн наадмыг Өлгий хотод зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-14 09:24:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар, ОХУ-ын Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монгол дахь эвлэл хамтран орос хэл, соёлын баруун бүсийн баярыг Өлгий хотод энэ сарын сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгууллаа.    

Баярын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал А.Р.Базархандаев, ОХУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Т.Ч.Будаева, "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ё.Максим тэргүүтэй албаны хүмүүс болон Баян-Өлгий, Ховд, Увс, Говь- Алтай аймгийн сургуулиудын орос хэлний багш, сурагчид, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо. Баярын хүрээнд багш сурагчдын дунд орос хэлний олимпиад, дуу, шүлгийн уралдааныг тус тус явуулав.

Багш нарын олимпиадын дүнгээр тус аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн багш Ш.Мара, "Дарын" сургуулийн багш С.Айжанар, дөрөвдүгээр сургуулийн багш С.София, зургадугаар сургуулийн багш Д.Алмагүл, хоёрдугаар сургуулийн багш Р.Алмагүл, тавдугаар сургуулийн багш Ш.Нурсауле, Ховд аймгийн нэгдүгээр сургуулийн багш Ш.Жанылнур, Увс аймгийн дөрөвдүгээр сургуулийн багш Л.Гэрлээ нар шилдгээр шалгарч, ОХУ-д үнэ төлбөргүй мэргэжил дээшлүүлэх  эрхийн бичгээр шагнууллаа.

Харин сурагчдын олимпиадад 30 сурагч оролцсоноос Баян-Өлгий аймгийн "Зайд" сургуулийн сурагч А.Нурхасым, "Дарын" сургуулийн сурагч Б.Толхын, «Бастама» сургуулийн сурагч Ы.Роза, тавдугаар сургуулийн сурагч Т.Саттигүл, Ховд аймгийн "Прогресс" сургуулийн сурагч М.Айтолхын, Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч Н.Анунаа нар тэргүүллээ. Олимпиадаас амжилт гаргасан дээрх сурагчид ОХУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах эрхийн бичгийн эзэд болов.

Сурагчдын дунд явуулсан дуу, шүлгийн уралдаанд нийт 22 сурагч оролцон өөрсдийн авьяас, чадвараараа сорин өрсөлдлөө. Уралдааны дүнгээр Говь-Алтай аймгийн сурагч Ч.Батсүрэн, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын "Дарын" сургуулийн сурагч Х.Еркебулан нар тэргүүн байрны шагнал хүртэв.

Харин багийн нийлбэр дүнгээр Баян-Өлгий аймгийн багш, сурагчид тэргүүллээ.  

Холбоотой мэдээ