25 мянган тонн сайжруулсан түлш борлуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-12 13:47:28
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд үүсгэн байгуулсан “Таван толгой түлш” ХХК-ийн дөрвөн үйлдвэрийн найман шугам 24 цагаар тасралтгүй үйлдвэрлэл явуулж байна. Тус компани нийслэлийн зургаан дүүргийн 332 борлуулалтын цэгт 66 мянган тонн шахмал түлш хүргэснээс, одоогийн байдлаар 25 мянган тонн түлш борлуулаад байгаа аж.

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 5 хувь нь есдүгээр сард, 32 хувь нь 10 дугаар сард, 29 хувь нь 11 дүгээр сард жилийн хэрэгцээний түлшээ худалдан авдаг бол 21 хувь нь орлогын хэмжээндээ тохируулан жижиглэнгээр худалдан авдаг. Харин нийт хэрэглэж байгаа түлшний 29 хувийг Сонгинохайрхан, 28 хувийг Баянзүрх, 16 хувийг Чингэлтэй, 12 хувийг Хан-Уул, 9 хувийг Сүхбаатар, 6 хувийг Баянгол дүүргийн оршин суугчид хэрэглэдэг байна. 

Өвлийн ид ачааллын үед нийслэл хотыг түлшээр бүрэн хангах үүднээс “Тавантолгой түлш” ХХК 464 мянган тонн түлшийг хангамжийн бааз, дундын бөөний төв болон жижиглэн худалдаалах цэгүүдэд түгээх ажлыг зохион байгуулж байна. Сайжруулсан түлшний борлуулалтад хяналт тавих 210 мянган ширхэг карт хэвлүүлж, гэр хорооллын айл өрхүүдэд хороодоор дамжуулан тараасан. Үүний үр дүнд айл өрхийн түлшний хэрэглээ, хэмжээ, чанар, үнэ тарифын талаарх нэгдсэн мэдээллийн сан үүсгэж цаашдын түлшний бодит хэрэгцээг тогтоох боломжтой болох юм.

Холбоотой мэдээ