Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд шинэ хэсэг, заалт оруулахыг хориглов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-11 20:51:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.


Ард нийтийн санал асуулга зохион байгуулах тухай, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг батлах тухай УИХ-ын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авсан. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.


Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхтэй зэрэгцэн УИХ-аас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжийг журмын хуульд нэмж, хууль хоорондын зөрчлийг арилгасан. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд байнгын хороо болон нам, эвслийн бүлэг саналын түвшинд харгалзан үзснээс бусад шинэ хэсэг, заалт оруулахгүй байх нэмэлт оруулсан” хэмээв.


Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэх бол “нэмэлт, өөрчлөлтийн эхийг зөвшөөрнө, татгалзана” гэснээс өөр асуудлаар санал асуулга явуулахыг хориглох заалт тусгаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг Монгол Улсын Ерөнхийлөгч ажлын гурван өдрийн дотор баталгаажуулах зохицуулалт оруулжээ. Уг хуулийг хуралдаанд оролцсон гишүүдийн 65.8 хувь дэмжиж, батлав.


Мөн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Наранхүүг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Өргөдлийн байнгын хорооны гишүүнээр батлав. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Өргөдлийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр баталлаа.

Холбоотой мэдээ