Цэнэгт мандлыг судлах хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-10-11 13:28:14

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /NASA/ дэлхийн агаар мандлын цэнэгт давхаргыг судлах зорилгоор бүтээсэн ICON хиймэл дагуулыг пүрэв гарагт амжилттай хөөргөжээ.


Уг хиймэл дагуулыг өөрчлөн хувиргасан “L-1011 Stargazer” тээврийн нисэх онгоц бүхий “Pegasus” зөөгч пуужингаар АНУ-ын Зүүн эргийн цагаар 22:00 цагт хөөргөсөн байна. Хөөргөлтийг “NASA”-гийн цахим хуудсаар шууд дамжуулжээ. “Пуужингийн гурав дахь угсраа салж, аппарат тойрог замд орсон” гэж “NASA” мэдээлсэн байна.


Агаараас хөөргөх тавцангийн үүрэг гүйцэтгэгч “L-1011 Stargazer” нисэх онгоц АНУ-ын Флорида муж улсын Канавералын хошуунд орших тус улсын Агаарын цэргийн хүчний баазын хөөрч, буух зурвасаас хөөрчээ. Уг онгоц 11.9 орчим км-ын өндөрт гарсан боловч хиймэл дагуул бүхий зөөгч пуужинг хаяагүй байна. Цаг тоолж эхэлснээс хойших эцсийн минутад NASA “L-1011”-тэй холбоо тасарч, хөөргөлтийг цуцлахаас аргагүй байдалд оржээ. Гэвч уг онгоц 30 минутын дараа тойрог хийж, маневрыг давтахаас аргагүйд хүрсэн бөгөөд энэ удаад зөөгч пуужинг амжилттай хаясан байна. "Pegasus"  хэвтээ байдалд таван секунд чөлөөт уналт хийсний дараа хөдөлгүүр нь автоматоор асжээ. NASA-гийн төлөвлөгөөний дагуу зөөгч пуужин хиймэл дагуулыг 10 минутын дотор дэлхий орчмын доод тойрог замд хүргэх ёстой байна.


Гурван угсраа хэсэг бүхий “Pegasus XL” зөөгч пуужинг Америкийн “Northrop Grumman” корпорац бүтээжээ. ICON хиймэл дагуулыг уг пуужингаар өнгөрсөн оны 10 дугаар сард хөөргөхөөр товлосон боловч “Pegasus”-ийн нислэгийн өмнөх туршилтыг сунгах шаардлагатай болсон тул хөөргөлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. 0.27 тонн жинтэй ICON аппаратыг дэлхийн агаар мандлын дээд хэсэгт оршдог цэнэгт давхаргыг судлах зорилгоор бүтээжээ.


 


Холбоотой мэдээ