Иргэдийг хорт хавдар эрт илрүүлэх шинжилгээнд төлбөргүй хамруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төсөлд иргэдийг элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний,
уушиг, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд
хамруулах зохицуулалтыг тусгасан байна. Тодруулбал, 40 болон түүнээс дээш
насны, элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг
ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд
1-2 удаа, ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг,
шинжилгээнд жилд нэг удаа хамруулах юм. Мөн 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү,
хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа, 50 болон
түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг,
шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн,
шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд
нэг удаа хамруулах аж. Жил бүрийн товлосон хугацаанд эрт илрүүлэх үзлэг,
шинжилгээнд хамруулах зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах юм. Харин
товлосон хугацаанд ирээгүй бол иргэн өөрөө шинжилгээний зардлаа хариуцахаар
хуулийн төслүүдэд тусгажээ.
Манай оронд хорт хавдрын өвчлөл сүүлийн 10 жилд хүн амын нас баралтын хоёр
дахь шалтгаан болж байгаа бөгөөд хорт хавдрын улмаас 2015 онд 3999, 2016 онд
4112 хүн нас баржээ. Улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн 96
хувийг 30-аас дээш насны эмэгтэйчүүд, элэгний хорт хавдраар 40-өөс дээш насны
элэгний вирусийн халдвартай хүмүүс, ходоодны хорт хавдраар 40-өөс дээш насныхан
хамгийн их өвдөж байгаа юм. Тиймээс дээрх хуулийн төслийг дэмжиж буйгаа
чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд онцолж байлаа.
Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого,
боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.